Жо Байден ажил хэргийнхээ эхний 100 өдрийг цагаачлалын бодлогод шинэчлэлт хийх, коронавирусний цар тахалтай тэмцэхэд зориулна гэдгээ мэдэгджээ.
“Бүртгэлгүй 11 сая хүнд иргэншил олгох боломжийг олгосон цагаачлалын тухай хуулийг би сенатад илгээнэ” хэмээн тэрбээр ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.
Түүнчлэн одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын хэд хэдэн зарлигийг цуцлах бодолтой буйгаа мэдэгджээ. Эдгээр зарлиг нь уур амьсгал, хүний эрүүл мэндэд хохирол учруулж байна гэж Байден үзэж байна.
АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болсон хэдий ч сонгуулийн эцсийн дүнг албан ёсоор зарлаагүй юм. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Ж.Байден сонгуульд ялахад шаардагдах сонгогчдын коллегийн гишүүдээс хангалттай тооны санал авсан бөгөөд дэлхийн хэд хэдэн удирдагч түүнд баяр хүргэсэн юм. Харин Д.Трамп сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хэдий ч эрх мэдлээ шилжүүлэх албан ёсны журмыг эхлүүлэхийг зөвшөөрчээ. Байдены сонгуулийн штаб ч мөн асуудал эцэслэн шийдэгдсэнийг онцлон тэмдэглэсэн байна.
АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч 2021 оны нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөнө.