Австрали, Хятадын үл ойлголцолд ашиг сонирхлын зөрчилдөөн бий

оруулсан Алсын Хараа

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон өчигдөр (2020.11.23) “Хятад, Австрали хоёр улсын харилцааны хэлбэр Хятад, АНУ хоёрын харилцаагаар буруу тодорхойлогдсоор ирлээ. Гэвч Австрали улс ч гэсэн өөрийн гэсэн, бие даасан ашиг сонирхолтой” хэмээн ярьжээ.

Анх 2018 онд Австрали улс Хятадын 5G технологийг хориглосон эхний улс болсноос хойш хоёр улсын харилцаа муудаж эхэлсэн билээ. Цаашлаад энэ жил Австрали Бээжингээс Covid-19-ийн үүслийг үнэнээр нь мэдээлэхийг шаардсанаас болж хоёр улсын харилцаа улам муудсан юм.

Хоёр улсын харилцаа улам муудахын хэрээр Хятад улс Австралийн зарим бараанд өндөр татвар ноогдуулж, үхрийн мах, нүүрс зэрэгт хориг тавьсан. Харин үүнийг Скотт Моррисон Хятад улс Австралид шударга бус хандсанаас болсон хэмээн үзэж байгаа аж.

Тэрбээр “Бидний үйлдлийг зарим хүмүүс АНУ, Хятадын стратегийн өрсөлдөөн шигээр харж, буруу ойлгож байна. Австрали бол тусдаа ашиг сонирхолтой, бие даасан улс шүү дээ. Тиймээс Австралитай харилцаагаа муутгах шаардлагагүй байсан юм” хэмээн ярьжээ.

Түүнээс гадна Австралийн засгийн газрын хэд хэдэн өндөр албан тушаалтан Хятадтай харилцах харилцаагаа эргэн сайжруулахыг хүсч байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, тус улсын Гадаад хэргийн яам “Хятадын алдааг засахын тулд үе шаттай арга хэмжээ авна” хэмээн мэдэгдсэн байна.

Хятад нь Австралийн зах зээлд хамгийн том экспортлогч орон билээ. Тухайлбал, 2019 онд Австрали улс Хятадад 104 тэрбум ам.долларын бараа экспортолжээ. Тиймээс Хятад улс Австралийн импортын барааг хязгаарлах нь Австралийн эдийн засагт ноцтой аюул учруулах юм.

/REUTERS/

Сэтгэгдэл бичих