Г.Ариунбаатар Үндэсний урлагийн их театрын дуучин болжээ

оруулсан Алсын Хараа

“Чингис хаан” одонт, дуурийн дуучин Г.Ариунбаатар цар тахлын улмаас эх орондоо ирээд байгаа ажээ. Тэрбээр ОХУ-ын Марийнскийн театрт дуулдаг бөгөөд амралтаараа эх орондоо ирэн очин байдаг. Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар эх орондоо ирсэн даруйдаа арваннэгдүгээр сарын 26, 27, 28-нд "Корпорейт конвеншн центр"-ийн концертын танхимд Монгол сонгодог-4” тоглолтоо хийхээр төлөвлөсөн боловч хөл хорионы улмаас хойшлогдоод байгаа билээ.

Анх цагдаагийн “Сүлд” чуулгаар овоглож байсан авьяаслаг залуу уран бүтээлч өнгөрсөн аравдугаар сард Үндэсний урлагийн их театрын дуучин болсон сурагтай. Тус театрын уран бүтээлчид 70 жилийн ойн хүрээнд арваннэгдүгээр сараас эхлэн нэг сарын хугацаанд “Есөн тэнгэрийн дуурьсал”, “Хансах сэтгэлийн дуу”, “Алтан үеийн дуунууд”, “Эртний бүрээн дуудлага, “Бүжигт мөнхөрсөн аялгуу”, “Хөгжмийн үдэш”, "Монгол бүжгийн гайхамшиг", “Монгол сонгодог” тоглолтоос гадна Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын уран бүтээлийн тоглолт, “Үндэсний урлагийн их теарт-70 жил” зэрэг нийт есөн удаагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөсөн байв.

“Чингис хаан” одонт, Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар 2017 онд “BBC Cardiff Singer of the World” дэлхийн дуурийн дуучдын уралдаанд Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны хөгжим “Монголын тал” дууг дуулж, дэлхийд үнэлэгдсэн билээ. Тухайн үед багшийнхаа амилуулсан дууг дэлхийн тайзнаа эгшиглүүлж, шүүгчдээс өндөр үнэлгээ авч, шилдэг таван дуучны нэгээр шалгарч байсан удаатай. Өнгөрсөн 2018 онд "Авьяаслаг монголчууд" шоуны шүүгчээр ажиллаж, үзэгч түмэнтэйгээ телевизээр уулзаж байв.

Сэтгэгдэл бичих