Завхан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болж иргэдийн төлөөлөгчид 100 хувийн ирцтэй оролцжээ.
Аймгийн ИТХ-ын анхдугаар хурлыг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорионы дэглэм тогтоосонтой холбоотойгоор ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг баримталж зохион байгууллаа. Тус хурлыг иргэдийн хурлын ахмад төлөөлөгч Пүрэвжавын Батсайхан удирдаж, ИТХ-ын анхдугаар хурлын дэг, 41 иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, тогтоолыг тус тус хэлэлцүүлэн баталлаа. Мөн хуралдаанаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгож, хэлэлцүүлэн баталсан байна. Анхдугаар хуралдааны шийдвэрээр аймгийн ИТХ-ын даргаар Ц.Улам-Оргихыг төлөөлөгчид 100 хувийн саналаар сонголоо.
Хурлаас иргэдийн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн МАН-ын дарга Д.Түвшинжаргалыг аймгийн Засаг даргад нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр болов.
Харин аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээр Монгол Ардын намаас Ц.Улам-Оргих, П.Батсайхан, Г.Бадамхатан, А.Болормаа, Н.Тамир, Ардчилсан намаас Б.Эрдэнэбаатар, Б.Төрмөнх, С.Отгонням, Л.Сандагсүрэн нарыг тус тус сонголоо гэж аймгийн ИТХ-аас мэдээлэв.
Ташрамд Завхан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд оролцогч төлөөлөгчдийн зургаа нь эмэгтэй төлөөлөгч юм. Хуралд Монгол Ардын намаас 24, Ардчилсан намаас 19, нэг бие даагч оролцож, энгэрийн тэмдэг, үнэмлэхээ гардан авчээ.