”Сэлэнгэ аймгийн хэмжээнд нөхцөл байдал амаргүй хэвээр, тус аймгийн гурван суманд халдварын тохиолдол илэрч батлагдсан. Эдгээр сумдын онцгой комиссууд, төрийн албан хаагчид энэ аюулын голомтыг илрүүлэх, цааш тархахаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авахын төлөө 24 цагаар ажиллаж байна” хэмээн аймгийн ОК-ын дарга Ш.Оргил өнөөдрийн мэдээллийн эхэнд хэллээ.
Өнөөдрийн 11.00 цагийн ЭМЯ-ны мэдээгээр Сэлэнгэ аймагт 124 тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлсэн. Эдгээр батлагдсан 124 тохиолдлын 47 иргэнийг түргэвчилсэн болон вирусийн /PCR/ шинжилгээгээр, 77 иргэнийг ойрын хавьтлаас тандалт судалгаа, шинжилгээгээр илрүүлжээ. Эндээс харахад тохиолдлын ихэнх нь анхны тохиолдлуудын ойрын буюу нэгдүгээр хавьтагчид, тэдгээрийн ойр тойрны хүмүүс байгаа аж. Дээрх тохиолдлуудыг сумдаар нь тодруулж хэлбэл Сүхбаатар суманд 119 тохиолдол, Мандал суманд гурав, Алтанбулаг суманд хоёр тохиолдол тус тус батлагдаж, ХӨСҮТ-д эмчилгээнд шилжсэн байна. Шинээр илэрч батлагдсан 26 тохиолдол бүгд Сүхбаатар суманд байна. Эдгээр дотор 82, 90 настай хүн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд биеийн байдал нь хүндрэх байдал ажиглагдаж байгаа хэмээн Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар суманд орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон дэглэмийг хэвээр үргэлжлүүлж байгаа бөгөөд Сүхбаатар, Мандал суманд нийт 279 иргэн тусгаарлалтад байна.