УОК-ын даргын шуурхай хурал өнөөдөр 12.00 цагт боллоо. Хурлаар салбар хариуцсан УОК-ын гишүүдээс цаг үеийн мэдээлэл сонсож, зарим асуудлыг шийдвэрлэлээ.
Шуурхай хурлын дараа Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирүүлж буй тодорхой хэд хэдэн асуултад тайлбар мэдээлэл өгснийг дор дэлгэрүүлэн хүргэе.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Улсын хэмжээнд "COVID-19"-ийн халдвар төмөр зам дагасан, Улаанбаатар хотод гэсэн үндсэн хоёр голомтоос тархсан нь тогтоогдсон. Орон даяар тус өвчний халдварын тархалтын бүрэн зураглалыг гаргасан гэж үзэж байна. Тодруулбал, нийт тогтоогдоод буй халдварын хоёроос бусад нь ойрын хавьтал, үнэр амт мэдрэхгүй, халуурсан, амьсгалын замын дутагдал шинжээр эмнэлгийн байгууллагад хандсанаар 1-3 тохиолдол тус тус илэрсэн. Эдгээрийн эх үүсвэрийг тогтоосон бөгөөд эх үүсвэр нь тодорхойгүй тохиолдол нэг ч байхгүй нь орон даяар "COVID-19"-ийн халдвар тархаагүй байна гэж үзэх нэг үндэслэл байж болох юм. Бүртгэгдсэн халдвараас үүдэлтэй тархалтын ерөнхий эх үүсвэрийг тогтоосон нь цаашид халдварын тархалтыг хумих боломжтой байх эерэг хандлагыг харуулж байна. Тиймээс халдварын тархалтыг бүрэн хумихын тулд иргэд олон нийт халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих нэн чухал гэв.
Өнөөдрийн байдлаар, Улсын хэмжээнд нийт 100 гаруй мянган хүнд "COVID-19"-ийн халдварын шинжилгээг PCR болон түргэвчилсэн оношлуураар хийснээс Улаанбаатар хотод 50 мянга хийгдсэн.
Улаанбаатар хотод хамрагдсан иргэдийн 20 мянга нь сайн дураар шинжилгээнд хамрагдсанаас нэг ч халдвар илрээгүй нь дээр хэлсэнчлэн халдвар нийтийн дунд тархаагүй байх боломжтойг харуулж буй аж.
Харин КОВИД19-ийн халдвар авсан нь батлагдсан иргэдийн ойрын хавьтлын нийт 700, хоёрдогч хавьтлын 6000 хүнд PCR шинжилгээг хийжээ. Эдгээр нийт шинжилгээний дүн мэдээлэлд үндэслэн тархалтын хүрээ, голомтыг тогтоох цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргана. Халдвар илэрч буй байдлаас үзэхэд тархалт эхэлсэн голомтуудыг оновчтой тодорхойлж, шуурхай арга хэмжээ авсан байна хэмээн дүгнэж байгаа гэв
Сэлэнгэ аймагт бүртгэдсэн тохиолдлын ойрын хавьтлаас халдвар олноор илэрч байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн 26 мянга, Алтанбулаг боомтын 5000 иргэнийг бүгдийг түргэвчилсэн оношлуур, шаардлагатай тохиолдолд PCR шинжилгээнд оруулж, ирэх 7 хоногт дуусгана. Ойрын хавьтлын болон дам хавьтлын бүх хүмүүсийг халдвар илэрснээс эхлэн тусгаарлан шинжилж байгаа нь халдварыг тархаахгүй барьж чадсан гэв.
Ойрын хавьтал бус хүнээс КОВИД19-ийн халдвар илэрч буй нь төмөр зам дагасан газруудаас илэрч байна гэв .
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Төмөр замын трассыг даган Алтанбулаг боомтоос эхтэй халдвар тархсан нь тогтоогдсонтой холбогдуулан Улаанбаатар төмөр замын байнгын болон байнгын бус нийт 15694 ажилтанд бүгдэд нь "COVID-19"-ийн халдварын шинжилгээг энэ өдрүүдэд хийж байна. Одоогоор 12942 ажилтанд шинжилгээ хийж, үлдсэн 2000 гаруй ажилтанд өнөөдөр болон маргааш шинжилгээг хийж дуусгахаар төлөвлөж байна. Зөөврийн шинжилгээний лаборатори Замын-Үүд, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж буй. Энэ хугацаанд ээлжинд гарч буй, машинист, өртөө зангилаа дахь ээлжийн ажилчдыг байгаа газарт нь тусгаарлаж, гэрт нь хариулахгүйгээр ажлын байранд нь амраах, ажлаа үргэлжүүлэх нөхцөлөөр хангах байдлаар зохицуулалтууд хийгджээ.
Цаашид төмөр замын нийт ажилчдын шинжилгээний хариу эцэслэн гарч байдал хүндэрвэл өмнө нь төмөр замд ажиллаж байсан чөлөөндөө гарсан ахмадууд, Төмөр замын дээд сургуулийн 4-р дамжааны оюутнуудыг онлайнаар шалгалт авч орлуулан ажиллуулахад бэлэн байлгахаар судалгаа бүртгэл, бэлтгэлүүдийг хийж эхэлжээ.
Дотоодод халдвар илэрсэнтэй холбоотойгоор мөн Замын-үүд боомтод халдвар бүртгэгдсэн зэргээс шалтгаалж БНХАУ-ын талаас хилийн боомтын шалгалт, хяналт ойрын өдрүүдэд чангарсан байна. Иймд экспорт, импортыг хэвийн үргэлжүүлэх хүрээнд УОК-оос шуурхай арга хэмжээг авахаар боллоо. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос ачаа тээвэр оруулж ирдэг байнгын тээвэрт явдаг 101 жолоочийг шинжилгээнд хамруулсны дараа 50 жолоочийг хилийн цаана сарын турш байршуулж тэдгээр жолооч нар хоёр орны хилийн боомтын дундын бүсэд ачаа тээврийг авчирч Монголын талаас нөгөө 50 жолооч ачаа тээврийг авах байдлаар зохицуулалт хийж байна.
Нүүрс тээврийн экспортын гол боомтуудад мөн халдвар хамгааллын дэглэмүүдийг чангатгаж, ачаа тээврийн жолооч нарт нийтэд нь "COVID-19"-ийн PCR шинжилгээг хийхээр болов. Тавантолгой-Цагаанхад чиглэлд уртын тээвэрт явж буй 4000, Цагаан хад-Гашуунсухайт чиглэлд богинын тээвэрт явж буй 2000 жолоочид шинжилгээ хийж, тэднийг тээврийн замд хавьтал үүсгэхгүй байх зохицуулалтыг цагдаа, дотоодын цэргийн дэмжлэгтэйгээр хийхээр болов.
Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод ажиллаж буй жолооч, боомтын ажилтан албан хаагчдад газар дээр нь шинжилгээ хийж, үйлчилгээ үзүүүлэхээр PCR шинжилгээний явуулын нэг лабораторийг өнөөдөр угсарсан байна. Гашуунсухайт боомтод ирэх 7 хоногт дахин нэгийг байрлуулж ажиллуулах аж.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар: Улсын хэмжээнд "COVID-19"-ийн халдвар авсан нь батлагдсан 608 тохиолдол бүртгэгдснээс 172 нь дотооддоо халдвар авсан байна. "COVID-19" голомтлон тархаад буй Сэлэнгэ аймагт нийт 26 мянган иргэний 20442-т шинжилгээ хийснээс 5997 хүнд PCR шинжилгээг хийгээд байна. Үүний 879 нь ойрын, 638 нь дам хавьтал байна. Зүүнхараад төмөр зам дагасан тархалтаас 2 халдварын тохиодол бүртгэгдээд байна. Мөн бүсэд буюу Зүүнхараад 7000 гаруй самарчин ууланд гарснаас 1000 гаруй нь тус суманд уулнаас бууж ирээд байгаа бөгөөд тэдгээр иргэдийг түргэвчилсэн оношлуурт хамруулж, улмаар PCR шинжилгээнд оруулснаар тухайн орон нутаг бүрт нь нэгдсэн зохион байгуулалтаар цагдаагийн хамгаалалтын дор буцаах ажлыг зохион байгуулахаар цагдаагийн албан хаагчид бүртгэл мэдээлэл цуглуулж байна.
УОК хэд хэдэн чиглэлд салбар хоорондын уялдаа холбоог хангах, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Сэлэнгэ, Дархан-уул, Өмнөговь, Алтанбулаг, Замын-Үүд, Зүүнхараад тусгай үүргийн шуурхай бүлгүүд томилон ажиллуулж байна. Мөн УОК-ын дэргэд холбогдох салбаруудын төлөөллөөс бүрдсэн эрдэмтдийн зөвлөх багийг байнгын ажилуулахаар өнөөдөр УОКын даргын тушаалаар байгууллаа.
Дархан-уул аймагт 18 мянган иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ аваад байна. Өрх бүрээс нэг хүн хамруулах байдлаар шинжилж байна.
Бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг бүрэн тогтоож, шинжилснээр тархалтыг тогтоосон гэж үзэж байна. Дархан-Уул аймагт голомт байхгүй, төмөр зам дагасан хөдөлгөөнөөс үүдэлтэй хавьтлаас халдвар илэрчээ. Гэсэн ч хөдөлгөөний эрчим ихтэй, учир хөл хорионы дэглэмийг чангатган ажилласан байна.
Орхон аймагт мөн төмөр зам дагасан хавьтлаас үүдэлтэй халдвар бүртгэгдсэн учир “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, 6000 гаруй ажилчдыг PCR шинжилгээнд хамруулж байна.
Дорноговь, Говьсүмбэр аймагт УОК-оос ХХЕГ-ын дэд дарга, генерал Ш.Лхачинжаваар ахлуулсан ажлын хэсгийг томилон ажиллуулж, шуурхай удирдлагаар хангаж байна. Одоогоор өдөрт автозамын боомтоор 150 гаруй ачаа тээврийн автомашин нэвтэрч байгааг бууруулахгүй, экспорт, импортыг хэвийн үргэлжүүлэх зорилго тавин БНХАУ-ын талаас тавьж буй шаардлагыг биелүүлж, жолооч, иргэд, боомтын ажилчдын аюулгүй байдлыг ханган ажиллахыг үүрэг болгож байнгын холбоотой ажиллаж байна.
Халдвар гарсан газар байршлуудад, байр орон сууц зэрэгт ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийхийг холбогдох газруудад УОК-иоос дахин даалгалаа. Эмнэлгийн хог хаягдал тэр дундаа ХӨСҮТ-ийн хог хаягдлыг стандартын дагуу эрсдэл үүсгэхгүй устгах ажилд тусгайлан анхаарч, БХБ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг томилон хяналт тавин ажиллуулж байна. Эмзэг бүлгийн иргэдэд хүнс, эрүүл мэнд, нийгмийн тулгамдсан асуудлуудад чиглэсэн нэгдсэн арга хэмжээг авч ажиллах ажлын хэсгийг ХНХ-ын сайдаар ахлуулсан ажлын хэсэг хариуцан ажиллаж байна. УОК-ын шуурхай бүлгийн хувьд шинээр бүрдэж буй мэдээллийн дата баазад үндэслэн дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөөг шинэчлэн гаргаж байна. Дотоод дахь "COVID-19"-ийн халдварын тархалтын урьдчилсан зураглалд үндэслэн орон даяар халдвар тархаагүй байх нөхцөл ажиглагдаж буй учир иргэд олон нийт халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, аль болох бөөгнөрөл үүсгэхгүй, амьдралын хэвшлээ болгож чадвал харьцангуй богино хугацаанд халдварыг бүрэн амжилттай хумиж чадна гэж тооцож байна гэв.
Эцэст нь аймаг орон нутгийн Онцгой комиссын дарга нар нэгдсэн удирдлагаар ажиллах үүрэгтэйг УОК-ын дарга дахин сануулав. Улаанбаатар хотод болон орон нутагт гацсан иргэдийг ирэх 7 хоногоос нэгдсэн бүртгэл мэдээлэлд хамруулж, PCR шинжилгээ хийн буцаах ажлыг зохион байгуулахаар боллоо. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэд орон нутагтаа очоод тусгаарлалтад орохгүй. Гэртээ тусгаарлалтын дэглэмийг 14 хоног мөрдөж, орон нутгийнхаа холбогдох байгууллагуудад ирснээ мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэйг анхааруулав