Өнөөдөр тохиож буй Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн мэндчилгээ дэвшүүллээ.
Уг мэндчилгээнд, “Монгол Улсын хөгжлийн охь нь болсон шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаач, албан хаагч, ажилтан Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол Улсын шинжлэх ухаан технологийн салбарыг тасралтгүй шинэчлэн хөгжүүлэх талаар үе үеийн Улсын Их Хурал, Засгийн газраас тодорхой бодлого шийдвэрүүдийг гаргаж үе шаттай хэрэгжүүлсээр ирсэн түүхтэй.
Монгол Улсын Засгийн газраас салбарын эрх зүйн орчныг сайжруулах, олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоог хөгжүүлэх, нийгэм эдийн засгийн хөгжилд үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой анхааран, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шинжлэх ухааны судалгаа хөгжүүлэлтийн түвшинг ахиулах, үр дүнг нэмэгдүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэх, улс орны хөгжлийн бодлого, стратегийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, шинжлэх ухааны үр өгөөж, ач холбогдлыг дээшлүүлэх зорилтууд тусган хэрэгжүүлж байна.
Төрөөс үндэсний судалгааг дэмжихийн зэрэгцээ шинжлэх ухаан, инновацын төвийн кластер, олон улсын стандартад нийцсэн нээлттэй, салбар дундын нэгдсэн лаборатори, судалгааны үндэсний төвүүдийг байгуулах, судалгааны их сургуулийн эрх зүйн орчинг бүрдүүлэх замаар шинжлэх ухаан, технологийн салбарын дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлуудыг хийсээр байна.
Эрдэмтэн судлаачдын судалгааны арга дээр тулгуурласан, судалгааны үр дүнгээр гарган авсан мэдлэг, технологи, инновац, бүтээгдэхүүн Монгол Улсдаа төдийгүй дэлхийн хэмжээнд үнэлэгдэн, хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь бахархууштай.
Монгол оюун ухааны манлай, шинжлэх ухаанч соёлыг бүтээгч, нэвтрүүлэгч, түгээгч эрдэмтэн, судлаач, албан хаагч Та бүхэнд мэдлэг оюунаа дайчлан, зүрх сэтгэлээ зориулан, салбарын түүхийг бүтээлцэж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхан бүхний дээжийг ерөөл болгон өргөе” хэмээжээ.