ЭМЯ-ны 17.00 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал боллоо. Хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны Олон нийттэй харицах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Коронавирусээр халдварлаад эдгэрсэн хүмүүст ямар эмчилгээ хийсэн бэ?
А.Амбасэлмаа: Анх гуравдугаар сард коронавирусний халдвар бүртгэгдэхэд түүнийг Ч.Чинбаяр эмч эмчилсэн. ХӨСҮТ-ийн эмч нартаа заавар зөвлөгөө өгч, туршлагатай эмч нараа бэлдсэн. Эмчилгээний нэг баг эмч, сувилагч, асрагч, ариутгагч гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй 10 баг бий. Эмчилгээг ДЭМБ-ын эмнэл зүйн удирдамжийг сахиж, дэлхийн жишгийн дагуу хийж байгаа. Өвчинтэй хүмүүст вирусний эсрэг эм өгч, дархлаа дэмжих эмчилгээ хийж байгаа. Мөн уушгины хатгаатай бол антибиотикийн эмчилгээ хийдэг.
-Шинэ тохиолдлууд ихээр нэмэгдэж байна. Халдварууд хаана гарсан зэргийг задлаж, нарийн хэлэх боломжтой юу?
А.Амбасэлмаа: Улаанбаатар хотод өнөөдөр 5 тохиолдол бүртгэгдсэн. 5-уулаа өмнө гарсан халдварын голомтод байсан, ойрын хавьтлын хүмүүсээс халдвар илэрсэн. Өмнө нь зарлаж байсан караоке, цайны газраар үйлчлүүлсэн хүмүүсийн дунд мөн халдвар илэрч байгаа. Коронавирусний голомтод байсан, ойрын болон дам хавьтлын хүн өөрсдөө бидэнд хандахгүй бол олон нийтэд зарлана.
-Энхсаран сувилал ажиллаж байгаа юу. Анх Энхсаран сувилалд байсан жолооч Д халдвар авсан тухай мэдээлэл байхдаа. Гэхдээ үүнээс өмнө алдчихсан юм биш үү гэсэн хардлага бий?
Д.Нарангэрэл: Улаанбаатар хот болон аймагт кластер өвчин гарсан. Голомтод байсан, хавьтал хэмээн үзсэн 9540 хүнийг тусгаарлан шинжилгээ авахад 135 хүнээс вирус илэрлээ. Ойрын хавьтлаас коронавирус илрэх нийт хүмүүст халдвар тархахаас сэргийлж буй гол ажил юм. Энхсаран сувилалыг бүрэн хаасан байгаа.