Дахин дөрвөн хүн коронавирусээр халдварлаж тохиолдлын тоо 582 боллоо

оруулсан Алсын Хараа

ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийн хэвлэлийн хурлаар манай улсад коронавирусний 21 тохиолдол нэмж бүртгэгдэж, нийт тохиолдол 578 болсон тухай мэдээлсэн.

Тэгвэл 17.00 цагийн байдлаар дахин дөрвөн хүнд коронавирус илэрчээ. Ингэснээр манай улсад коронавирусний халдварын тохиолдол 582 болоод байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнөөдөр 11:00 цагаас хойш коронавируст халдварын батлагдсан тохиолдол дөрвөөр нэмэгдлээ. Шинэ тохиолдлууд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас илэрсэн байна. Ингээд Дорноговь аймгийн хувьд 16 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 13 нь Замын-Үүд суманд бүртгэгдээд байна" гэлээ.

Улсын хэмжээнд кластер маягаар бүртгэгдэж байгаа халдварын тохиолдол 146 боллоо. Дотоодын халдварын тоо:

  • Улаанбаатар хотод-38
  • Сэлэнгэ аймагт-58
  • Орхон аймагт-17
  • Говьсүмбэр аймагт-1
  • Дархан-Уул аймагт-16
  • Дорноговь аймагт- 16 тохиолдол бүртгэгдээд байна.

Ингээд Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 582 болсон бөгөөд одоогоор 337 хүн эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад 2 хүн байгаа бол 310 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. Мөн нутаг буцаасан нийт 7 хүн байгаа юм.

ХӨСҮТ-д одоогоор 238 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хүнд-2, хүндэвтэр-42, хөнгөн-194 хүн байна.

Монгол Улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээгүй бол дотоодод тархсан коронавирусний халдвар өнөөгийнхөөс 4-5 дахин их байх магадлалтай байсныг ЭМЯ-ны Олон нийттэй харицах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл ЭМЯ-ны 17.00 цагийн мэдээллийн үеэр онцлов.

Тэрбээр үргэлжлүүлэн, “Монгол Улс бүх нийтийн бэлэн байдлыг дэглэмийг 14 хоног тогтоосон бөгөөд иргэд УОК, ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийг дагаж байгаа. Цаашид УОК, ЭМЯ-ны зөвлөмжийг дагаж мөрдсөнөөр Монгол Улс коронавирусний халдварыг хохирол багатай даван туулах боломжтой.Дэлхий нийтэд коронавирус тархаж эхэлж байхад БНХАУ, Австрали, Герман, Шинэ Зиланд зэрэг улс хатуу хөл хорионы дэглэм сахиснаар халдварыг таслан зогсоож чадсан. Ингэхдээ 2-3 сар уг дэглэмийг сахисан бөгөөд амны хаалт зүүж, гарын ариун цэврийг сахиснаар амжилтад хүрсэн” хэмээв.

Сэтгэгдэл бичих