Байден шинэ томилгоо хийжээ

оруулсан Алсын Хараа

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа зарласан Жозеф Байден Ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажиллах багийнхнаа эхнээс нь нэрлэсээр байна. Тэрбээр баасан гарагт шинэ томилгоо хийснээ мэдэгджээ.

"Хүнд хэцүү энэ цаг үед Америкт шаардлагатай өөрчлөлтийг хийхэд туслах багийнхаа шинэ томилгоог зарлах гэж байгаадаа баяртай байна" гэж Байдены шилжилтийн үеийн багийн цахим хуудсанд байрлуулсан мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

Цагаан ордны нийгмийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргад Карлос Илизондогийн нэрийг дэвшүүлжээ. Түүний гүйцэтгэх үүрэгт улс орнуудын удирдагчдын айлчлалыг оролцуулаад Байдены оролцох бүх арга хэмжээний бэлтгэлийг хангах ажил орох аж. Байденыг дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Илизондо түүний нийгмийн асуудал эрхэлсэн туслах байжээ.

Одоо Байдены шилжилтийн үеийн багийн зөвлөх зөвлөлд ажиллаж буй Кэти Рассел Цагаан ордны боловсон хүчний асуудлыг хариуцахаар болсон байна. Барак Обамагийн засаглалын үед тэрбээр Цагаан ордны тамгын газарт найман жил ажиллахдаа ерөнхийлөгчийн орлогч туслахын албыг хашиж байв.

Байдены шилжилтийн үеийн багийн эрх зүйн асуудлыг хариуцаж буй Луиза Террелл Цагаан ордны хууль зүйн асуудал эрхэлсэн газрын даргаар ажиллана. Барак Обамагийн засаг захиргаанд тэрбээр Ерөнхийлөгчийн тусгай туслахаар ажиллаж байсан бөгөөд Конгрессын тамгын газарт мөн хэдэн жил ажиллахдаа Байденыг Делавэр муж улсаас Сенатчаар сонгогдон ажиллаж байх хугацаанд тамгын газрынх нь орлогч даргаар ажиллаж байжээ.

Байдены сонгуулийн өмнөх кампанит ажлын улс төрийн ахлах зөвлөх Мала Агидаг Байдены гэргий Жилл Байдены улс төрийн асуудал эрхэлсэн захирлын албан тушаалд томилсон байна. Барак Обамагийн үед тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын шинжлэх ухаан, соёлын солилцооны асуудал хариуцсан орлогч туслахаар ажиллаж байсан байна.

НЬЮ-ЙОРК. /АР/

Сэтгэгдэл бичих