Дархан-Уул аймагт тогтоосон хатуу хөл хориог цуцаллаа

оруулсан Алсын Хараа

 Дархан-Уул аймагт коронавирусний эрсдэлээс сэргийлэхээр энэ сарын 17-нд тогтоосон хатуу хөл хориог өнөөдөр /2020.11.21/ 06.00 цагт цуцалж, бүх нийтийн бэлэн байдалд шилжлээ.

11 дүгээр сарын 20-ны 22.00 цагт хуралдсан аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тэг зогсолтын горимыг 21-ний өглөөний 06.00 цагт цуцалж Улсын онцгой комиссын дагаж мөрдөж буй гамшгийн эсрэг хэрэгжүүлж буй бүх нийтийн бэлэн байдлын хатуу хөл хориог дагаж мөрдөхөөр болсон. Ингэснээр Дархан сумыг газар нутгийн байршлаар 4 хэсэгт хуваан хөдөлгөөнд оролцуулах аж.

Тодруулбал, Дархан сумын нэгдүгээр хэсэг 1-3 дугаар баг буюу тосгон, хоёрдугаар хэсэг нь 4-8 дүгаар баг буюу хуучин Дархан, гуравдугаар хэсэг 9-12, 15-р баг буюу шинэ хороолол, Мангирт дөрөвдүгээр хэсэг 13,14,16-р баг буюу хуучин хороолол гэсэн хэсэг хуваасан байна.

Дээрх багуудын иргэд багийн нутаг дэвсгэрээсээ гарахгүй бөгөөд хүнс бэлтгэх зориулалтаар дэлгүүр орох боломжтой бөгөөд ЭМГ-аас өгсөн халдвар хамгааллын заавар, зөвлөмжийг мөрдөнө. Мөн өдөр бүр ариутгал хийж дэлгүүрт 2-3 хүн ажиллана. Үйлчлүүлэгч хооронд 1.5 метрийн зай барьж үйлчилнэ. Хэрэв шаардлага биелүүлэх боломжгүй хүнсний дэлгүүрийг ажиллуулахгүй аж. Дөрвөн хэсэгт хуваагдсан иргэд нэгээс нөгөөд нэвтрэх боломжгүй аж. Харин сумдын тухайд өөр хоорондын авто тээврийн нэвтрэх хөдөлгөөнийг нээгээгүй. Учир нь Хонгор сумын Салхит гуравдугаар багаас 2 тохиолдол илэрсэнтэй холбоотой юм.

Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 15,555 хүнээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авсан. Үүнээс 16 хүнд "Ковид-19" халдвар илэрч батлагдсан, үүний  13 тохиолдол нь төмөр зам дагасан халдвар гэдгийг аймгийн Онцгой комиссын дарга онцолсон. Дээрх 13 хүний хоёр нь бага насны хүүхэд бөгөөд аймгийн хэмжээнд тэг зогсолт хийж хатуу хөл хорио тогтоосны үндсэнд тархалтыг хязгаарласан байна. Цаашид иргэдийг шинжилгээнд хамруулж илрүүлэх ажлыг үргэлжлүүлэх бөгөөд энэ сарын 21-ний өдрийн 12.00 цагаас өмнө хүнсний дэлгүүрүүдийн худалдагч, ажилтнуудыг шинжилгээнд хамруулж халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, ариутгал хийх ажээ.

18 хүртэлх насны хүүхэд нийгмийн харилцаанд огт оролцохгүй. Түүнчлэн Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын дотуур байранд байгаа оюутнууд 12 дугаар сарын 1 хүртэл байрандаа тусгаарлагдсан хэвээр байна. Аймаг, орон нутгаас хүнсний хангамжийг шийдвэрлэхээр Нийгмийн бодологын хэлтсийн дарга Н.Цасчихэр үүрэг болголоо.
Мөн Төмөр зам дагасан халдварын голомтыг олж хумиж чадсан ч анхны тохиолдол хаанаас авсныг тодорхойлоогүй гэдгээ онцолсон. Тэг зогсолтыг цуцалснаар Дархан-Уул аймагт ирэх болон Дарханаас өөр аймаг хот руу буцах иргэд хандаж хүсэлтээ өгнө. Тийм учраас дээрх иргэдийн судалгааг гаргаж саналын хамт Улсын онцгой комисст хүргүүлнэ. Улсын онцгой комиссоос 2020 оны 12 дугаар сарын 01 хүртэл хөл хорио тогтоосон учир иргэдээ татан авах, гаргах асуудлаар аймгийн онцгой комисс дангаар шийдвэр гаргах боломжгүй гэдгийг Засаг дарга, онцгой комиссын дарга Б.Азжаргал мэдэгдлээ. Халдвар дахин гарч бүртгэгдвэл дээр заасан хэсэг тус бүрээр тэг зогсолт хийх аж. Иймд иргэд та бүхэн Улсын онцгой комиссын шийдвэр гарах хүртэл аймгийн Онцгой комиссоо гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Энэ талаар ЭМЯ-наас фейсбүүк хуудсаараа дамжин мэдээлэхдээ, “Дархан-Уул аймагт төмөр зам дагасан халдварын голомтыг хумин, төмөр замын салбарт ажиллаж байгаа бүх хүнийг шинжилгээнд хамруулж, ойрын болон хоёрдугаар хавьтлыг хяналтдаа авлаа. Ингэснээр халдварын тархалтыг хумиж, тэг зогсолтыг цуцалж байна” хэмээжээ.

Тус аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрийг гаргасан юм.

- ''0" зогсолтыг 21-ний 06:00 цагт цуцална. Гэсэн хэдий ч бүх нийтийн хөл хорио 12 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.

-18 хүртэлх насны хүүхэд нийгмийн харилцаанд огт оролцохгүй.

- Үйл ажиллагаа явуулах ААНБ-ууд ажилтнууддаа 100 хувь шинжилгээнд хамруулах, ажлын байрандаа ариутгал халдваргүйтгэл тогтмол хийнэ.

-Дотуур байранд байгаа оюутнууд 12 дугаар сарын 1 хүртэл байрандаа тусгаарлагдсан хэвээр байна. Аймаг, орон нутгаас хүнсний хангамжийг шийдвэрлэнэ.

-Сум хооронд хөдөлгөөн хийхгүй.

- Дархан хотыг 4 үндсэн блокт хувааж хязгаарлана. Өөр блок руу зорчих хөдөлгөөн хийхгүй. Зөвхөн өөрийн оршин сууж буй бүсдээ нийгмийн харилцаанд орно.

-Хүнсний дэлгүүрүүд, томоохон худалдааны төвүүд 11:00-18:00 цаг хүртэл ажиллана. Хүнсний дэлгүүрийн худалдагчид бүгд шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Мөн өдөр бүр дэлгүүрт ариутгал хийж 2-3 хүн ажиллах зэрэг шийдвэрийг гаргалаа.

4 бүс:

  1. 1-3 дугаар баг (тосгон)
  2. 4-8 дугаар баг (хуучин дархан)
  3. 9-12,  15 дугаар баг(шинэ хороолол+ мангирт)
  4. 13,14,16 дугаар баг( хуучин хороолол)

Дашрамд дурдахад, Дархан-Уул аймагт коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 15 мянга 555 хүнээс түргэн оношлуур болон PCR шинжилгээ аваад байна. Үүнээс 16 хүнд халдвар илэрсэн юм.

Сэтгэгдэл бичих