Монгол Улс болон ХБНГУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан цэргийн сургуулилалт өнгөрсөн сард болсон билээ. Уг сургуулилалтад Германы Уулын явган цэргийн 23 дугаар бригадын 25 цэрэг оролцсон бөгөөд тэд арваннэгдүгээр 5-ны өдөр эх орон руугаа буцах ёстой байсан ч нэг цэргээс Covid-19 илэрсэн учир бүгд тусгаарлалтад орсон байна.
Тусгаарлалтад орсон цэргүүд өчигдөр (2020.11.19) буцсан тухай Германы хэвлэлүүд мэдээлжээ. Тэднийг “Улаанбаатар” зочид буудалд тусгаарлажээ. Герман цэргүүд өчигдөр өглөөний Улаанбаатар-Франкфуртын чиглэлийн нислэгээр нутаг буцсан байж магадгүй байна. Гэхдээ Монголын талаас энэ талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа юм. Герман цэрэг Монголд байх хугацаандаа халдвар авсан, Германаас ирэхдээ халдвартай байсан эсэх нь тодорхойгүй байна.
Дээрх цэргийн сургуулилалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар аравдугаар сарын 20-ны өдөр оролцож, Германы цэргийн албан хаагчидтай уулзсан нь анхаарал татаж байна.
Энэ удаагийн сургалт 2020 оны аравдугаар сарын 2-ноос 30-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд “Уулын явган цэргийн тактикийн ажиллагаа-буудлага”, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт “Тактикийн ажиллагаа-хадан авиралт” сэдвийн хүрээнд зохион байгуулж, хоёр улсын 90 цэргийн алба хаагч оролцсон талааар Ерөнхийлөгчийн Тамгын газрын вэб сайтад мэдээлжээ.
Эх сурвалж: Br.de, Merkur.de