ЭМЯ-ны өнөөдрийн /2020.11.20/ 11.00 цагийн хэвлэлийн хурлаар манай улсад коронавирусний 37 тохиолдол нэмж бүртгэгдэж, нийт тохиолдол 555 болсон тухай мэдээлсэн. Тэгвэл 17.00 цагийн байдлаар нийт 426 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнд коронавирус илэрчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймагт хийсэн шинжилгээгээр хоёр хүн халдвартай гарчээ.
Ингэснээр улсын хэмжээнд кластер буюу багцаар бүртгэгдэж буй халдварын голомтод 122 тохиолдол батлагдсан байна. Харин өнөөдөр ХӨСҮТ-ээс хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 557 болж байна. Үүнээс 337 хүн эдгэрчээ. Сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад 2 хүн байгаа бол 310 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ. Долоон хүнийг нутаг буцаасан байна.
ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай 213 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал хөнгөн, 32 нь хүндэвтэр, 180 нь хөнгөн байгаа аж.
Голомтлон багц байдалтай гарсан халдварыг аймаг, хотоор танилцуулбал,
- Улаанбаатарт 33
- Сэлэнгэ аймагт 53
- Дархан-Уул аймагт 16
- Дорноговь аймагт 6
- Орхон аймагт 13
- Говьсүмбэр аймагт 1 буюу нийт 122 тохиолдол батлагдаад байна.