/TASS/. Коронавирусний халдварын гурав дахь давлагаа БНСУ-ын нийслэлд эхэлсэн гэж тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны төлөөлөгч Юн Тэ Хо Сөүл хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
"Одоогийн байдлаар нийслэлийн бүсэд халдварын гурав дахь давлагаа гарч байна гэж бид үзэж байна" гэж тэрбээр онцлон тэмдэглээд, энэ нөхцөл байдалд эрх баригчид зайнаас харилцах хязгаарлалтын түвшнийг ахиулах боломжийг судалж байгааг нэмж дурдсан байна. Түүний мэдээлснээр, өнгөрсөн хоногт Сөүлд 218 шинэ тохиолдол илэрсэн нь наймдугаар сарын эхэн үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад нийтдээ 363 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 30 017 болсон байна.
Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Ерөнхий сайд Чон Се Гюн иргэддээ "хариуцлагатай байж, олон нийтийн арга хэмжээ, тэр дундаа шинэ жилийн уламжлалт үдэшлэг зохион байгуулахаас татгалзахыг" уриалав. Тэрбээр телевизээр хэлсэн үгэндээ "коронавирусний эсрэг тэмцэл хямралд ороод байгааг" онцолсон байна. БНСУ-ын Ерөнхий сайд 60-аас дээш насны иргэдээсээ өвлийн улиралд гадуур аль болох бага явахыг хүсжээ.
Өмнөд Солонгосын Засгийн газрын тэргүүн мөн компаниудын удирдлагуудад хандан гэрээсээ ажиллаж буй ажилтнуудынхаа тоог нэмэгдүүлэх, ажил тарсны дараа хамт олны арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг хүссэн байна. Тэрбээр мөн 12 дугаар сарын 3-нд товлогдсон төрийн албан хаагчдын нэгдсэн шалгалтад оролцогчдын аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар бүх хүчээ дайчлан ажиллана гэж амлав.
“Хэрэв бид одоо л коронавирусний халдварын тархалтыг хумьж чадахгүй бол бидний харьцангуй тайван өдөр тутмын амьдрал дахин хязгаарлалттай тулгарна" гэж Ерөнхий сайд нэмж хэлжээ.
11 дүгээр сарын 19-нөөс эхлэн нийслэл Сөүл болон хөрш Гёнги мужид коронавирустэй тэмцэх шинэ хязгаарлалт хэрэгжиж эхэлсэн байна. Энэ арга хэмжээг ирэх даваа гаргаас Инчон хотод хэрэгжүүлнэ. Эдгээр бүс нутагт зайнаас харилцах хязгаарлалтын хамгийн доод түвшин хэрэгжиж байсан бол нэг түвшнээр ахиулж, 1.5 метр болгожээ.