АНУ-ын Флорида мужид болж буй, зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн “Fort Lauderdale Florida USA 6” гүйлтийн тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд оролцож байгаа манай тамирчин Б.Буджаргалын талаарх шинэ мэдээ АНУ-аас ирсэн талаар спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ мэдээллээ.
Б.Буджаргал 72 цаг гүйж, нийт хугацааныхаа талыг тууллаа. Тэрбээр эхний 72 цагийн байдлаар 440 км гүйж, тэмцээнийг тэргүүлсэн хэвээр байна. Түүний арын тамирчин 108 километрээр хоцорч байна. Тэрбээр одоо сүүлийн 72 цагаа эхлүүлж байгаа бөгөөд энэ мөчөөс 72 цагийн гүйлтэд оролцох шинэ тамирчид талбай дээр нэмэгдэж гарч ирээд байгаа аж. Зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд оролцох тамирчид дэлхийн хэмжээнд тун цөөхөн байдаг. Иймд 3 өдөр, 2 өдөр, 1 өдрийн гүйлтийн тэмцээнүүд энэ өдрүүдэд давхар зохион байгуулагддаг юм байна. Тодруулбал, 24, 48, 72 цагийн гүйлтийн тэмцээнд уралдах тамирчид өдөр өдрөөр нэмэгдэх юм. Тэмцээнийг дүгнэхдээ төрөл тус бүр дээр тамирчдын хувийн амжилтыг жагсаадаг.
Манай тамирчин одоогоор 24, 48, 72 цагийн гүйлтийн тэмцээнд хамгийн их зам туулсан амжилтаар тэргүүлсэн үзүүлэлттэй байна.
Б.Буджаргалын хувьд, дэлхийн дээд амжилтыг эвдэх том зорилгыг өмнөө тавьсан. Гэвч цаг агаар, тамирчны биеийн байдал гээд олон зүйл энд нөлөөлнө. Хүн өөрөө тэсвэр тэвчээр гаргаж чадаж байлаа ч бүх зүйлд хэмжээ хязгаар байдаг. Тиймээс хэт холын зайн гүйлтийн холбоо, дэмжин ажиллагчид болон арын албаны баг хамт олноос тамирчны эрүүл мэндийг эн тэргүүний асуудал болгож байгаа юм.
Тамирчны биеийн байдлын тухайд хоёр хөл нь битүү цэврүүтэж, хумсных нь завсраар идээлсэн байна. Энэ нь олон өдрийн гүйлтийн үед гардаг зүйл боловч энэ удаагийнх нэлээд хүндэрч байгаад багийн нөхөд нь санаа зовниж байгаа аж. Арын албанд АНУ дахь монголчууд маш сайн ажиллаж, тамирчныхаа сэтгэл санаа, хоол хүнс, эрүүл мэндэд анхаарч байгааг онцлон сайшаах нь зүйтэй. Өнөөдөр цаг агаар дахин халж байгаа нь бас нэгэн бэрхшээл болж байна.
Зориг тэвчээр, тэсвэр хатуужлаараа монголчууддаа үлгэр дуурайлал болж байгаа Б.Буджаргалыг Хэт холын зайн гүйлтийн холбооны тэргүүн Д.Цэрэндулам, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, Өмнөговь аймгийн удирдлагууд болон бусад байгууллага, хувь хүмүүсийн ач тус, дэмжлэгээр санхүүгийн асуудлаа тодорхой хэмжээнд шийдэж, тус тэмцээндээ оролцох эрх олж авсан юм. Дэлхийн дээд амжилтыг тогтоох түүний чин хүсэл, том зорилгыг нь үнэлж Ц.Шаравжамц даргатай БТСУХ-ноос онгоцны зардал, тэмцээний таксыг төлж өгснөөр хандив эхэлсэн. Түүнчлэн “Эрхэт Монгол” медиа групп, МҮОНРТ, Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар, Даланзадгад сумын засаг даргын тамгын газар, Өмнөговь аймгийн ард иргэд, “Хөх Монгол” принтинг ХХК, “Алтан үеийнхэн” ТББ, Б.Буджаргалын 10 жилийн сургуулийн нэг ангийнхан, Өмнөговь аймгийн Боловсролын газар, “MCR Mongolia runners” групп, Манчестер дахь монголчуудын холбоо, Манчестерын гүйгч эхчүүдийн групп, Флорида мужийн монголчуудын холбоо, “Оргилд гүйгч” ТББ гээд олон хувь хүн, байгууллагууд түүнийг чадах хэмжээгээрээ дэмжиж, нийт 21 сая төгрөг цугларчээ.
Хэт холын зайн гүйлтийн холбооноос хандив, ивээн тэтгэлгээр цугласан 21 сая төгрөгийн зарцуулалтын талаараа олон нийтэд нээлттэй тайлагнах юм байна. Энэхүү цугласан хандив, тусламж түүний 2020 оны туршид гаргасан зардлын 30 хувь орчмыг санхүүжүүлж байгаа аж. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг энэ билээ. Холыг зорьсон монгол хүний мөрөөдөл өнөөдөр эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурисгаж байна. Аюулт цар тахлын үед Б.Буджаргал маань монгол хүн юуг ч даван туулж чадна гэдгийг нотлон харуулж, ард түмэндээ урам зориг хайрлаж байна.
/МОНЦАМЭ/