Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 10 дугаар сарын эцэст 17.2 их наяд болж, өмнөх сарынхаас 139.1 (0.8 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 993.4 (5.5 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.9 (51.9 хувь) их наяд төгрөг нь иргэдийнх юм. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 10 дугаар сарын эцэст 14.0 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 251.5 (1.8 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (8.8 хувь) их наяд төгрөгөөр буурчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 1.2 их наяд болж, өмнөх сарынхаас 79.5 (6.9 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 274.1 (28.8 хувь) тэрбум төгрөгөөр өслөө. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 пунктээр өсөв.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 10 дугаар сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 32.8 (1.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 75.2 (3.9 хувь) тэрбум төгрөгөөр өслөө.
Арилжааны банкуудаас иргэдэд олгосон зээл энэ оны 9 дүгээр сарын эцэст 8.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 108.1 (1.3 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеийнхээс 517.6 (5.6 хувь) тэрбум төгрөгөөр буурсан. Иргэдэд олгосон зээлийн 41.9 хувийг эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх, 33.4 хувийг цалингийн, 8.6 хувийг малчны, 6.6 хувийг хадгаламж, данс барьцаалсан, 3.0 хувийг автомашины, 2.9 хувийг картын, 1.1 хувийг тэтгэврийн, 0.8 хувийг өрхийн хэрэглээний, 1.7 хувийг бусад зээл эзэлж байна.
Арилжааны банкуудаас иргэдэд олгосон зээлийн эргэн төлөлт энэ оны 9 дүгээр сарын эцэст 897.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарын мөн үеийнхээс 84.1 (10.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 120.9 (15.6 хувь) тэрбум төгрөгөөр өслөө.
Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээл энэ оны 9 дүгээр сарын эцэст 4.0 их наяд болж, өмнөх сараас 143.6 (3.7 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеийнхээс 25.6 (0.6 хувь) тэрбум төгрөгөөр буурав. Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар нь авч үзвэл 28.3 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 12.5 хувь нь барилга, 12.0 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн, 5.9 хувь нь байр, сууц болон хоол хүнсээр үйлчлэх үйл ажиллагаа, 3.6 хувь нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын, 37.6 хувь нь бусад салбарынх байна.
Арилжааны банкууд, Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 9 дүгээр сарын эцэст 4.8 их наяд болж, өмнөх сараас 27.9 (0.6 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 303.6 (6.7 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ. .