Хэт холын зайн гүйлтийн тэмцээнийг Б.Буджаргал тэргүүлсээр байна

оруулсан Алсын Хараа

АНУ-ын Флорида мужид болж буй зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн “Fort Lauderdale Florida USA 6” гүйлтийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тус тэмцээнд өрсөлдөж байгаа хэт холын зайн гүйлтийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргал 48 цагийн хугацаанд 3 цаг орчим хугацаанд унтаж, бусад үед тасралтгүй гүйсээр 330 км замыг туулж, тэмцээнийг илт давуу тэргүүлсэн хэвээр байна. Түүний арын тамирчин 97 километрээр хоцорч яваа тул Монголын тамирчинд түрүүлэх боломж нэмэгдсээр байна.

Б.Буджаргал энэ тэмцээний үеэр дэлхийн дээд амжилтыг эвдэж чадах эсэх нь тэмцээн зохион байгуулагчдын анхаарлын төвд байна.

Зургаан өдөр, зургаан шөнийн гүйлтийн дэлхийн рекордыг эзэмшиж буй Австралийн домогт тамирчин Янис Курос бол грек гаралтай. Зургаан өдрийн гүйлтийн тэмцээн анх 1888 онд болсон тухай эх сурвалжид тэмдэглэгдсэн бөгөөд Янис Курос түүнээс хойш бараг 100 жилийн дараа буюу 1984 онд энэ төрлийн рекордыг эзэмшиж, 1985 онд өөрийнхөө рекордыг дахин эвдэж байсан түүхтэй. Янис Курос 2005 онд 49 насандаа зургаан өдөр, шөнийн хүнд хэцүү гүйлтийн төрөлд 1036 км гүйж, дэлхийд үнэмлэхүй амжилт тогтоож байжээ. Тэр үеэс түүнийг Гүйлтийн бурхан (Running God) хэмээн авгайлах болсон юм байна. Олон улсад асар өндөр нэр хүндтэй энэ тамирчныг Грекийн спортын салбарын байгууллагууд үл ойшоон, эх орон нэгтнүүд нь хавчин гадуурхаж, амжилтыг нь үгүйсгэж байсан тул 1993 онд арга буюу Автралийн иргэн болсон ээдрээтэй түүх ч байдаг. Грекэд “гологдсон” түүнийг австраличууд халуун дотноор хүлээн авч, амжилтыг нь албан ёсоор хүндэтгэн дархалсан юм.

Ташрамд дурдахад, Б.Буджаргалыг АНУ дахь монголчуудын төлөөлөл дэмжин тусалж, тэмцээний арын албаны бүх хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байна. Өнгөрсөн 2 өдрийн хувьд цаг агаар таатай бус байсан талаар Б.Буджаргалын тэмцээний арын албанд тусалж байгаа монголчууд ярьжээ. Эхний өдөр маш их халуун нартай байсан бол хоёр дахь өдөр агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ эрс буурчээ. Флорида мужид бороо орохын өмнө болон дараа агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ огцом багасдаг онцлогтой юм байна.

Манай тамирчны биеийн байдал өчигдөр бага зэрэг хямарсан боловч өнөөдөр сэргэлэн цовоо байна. Хөл нь цэврүүтэж, хумс нь идээлснийг цэвэрлүүлж боолгоод тэмцээнээ үргэлжлүүлж байна гэсэн мэдээллийг өгсөн байна. /2020.11.18  23 цаг/.

Сэтгэгдэл бичих