/TASS/. Америкийн “Tesla”, “SpaceX” компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск лхагва гаргийн орой “Bloomberg” агентлагаас гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад гуравдугаарт орж, “Facebook”-ийн тэргүүн Марк Цукербергийн өмнө бичигдэх болов.
“Bloomberg” агентлагийн мэдээлж буйгаар, лхагва гарагт “Tesla” компанийн хувьцаа 10 хувиар өсөж, Маскийн хөрөнгө 10.2 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Одоогийн байдлаар “Bloomberg”-ийн шинжээчид бизнес эрхлэгчийн хөрөнгийг 120 тэрбум ам.доллароор үнэлж байна. Жагсаалтын дөрөвдүгээрт одоо Марк Цукерберг 103 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө бичигдэж байгаа бол тавдугаарт, Францын LVMH (Louis Vuitton Moet Hennessy) группийн ерөнхий захирал Бернар Арно оржээ.
Өдгөө 49 настай Маскийн өмнө одоо Америкийн хоёр бизнес эрхлэгч орж байна. “Bloomberg”-ийн жагсаалтын хоёрдугаарт “Microsoft” компанийг үүсгэн байгуулагчдын нэг болох Билл Гейтс /128 тэрбум ам.доллар/ бичигдэж байгаа юм. Харин “Amazon” компанийн гүйцэтгэх захирал Жефф Безос гурав дахь жилдээ дэлхийн хамгийн баян хүн хэвээр үлдсэн бөгөөд одоогийн байдлаар түүний хөрөнгө 183 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.