Засгийн газрын хуралдааны дараах мэдээллийн үеэр уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Энэ хагас жилийн байдлаар цар тахлын нөлөөгөөр нүүрсний экспорт 52%-аар тасарсан. Эхний арван сарын байдлаар нүүрс гаргалт 25 сая орчим тонн байна. Сүүлийн дөрвөн сарын дотор 14 сая тонн нүүрс гаргасан. Энэ нь сард дунджаар 3.5 сая тонн болж байгаа гэсэн үг. Ногоон гарцын журам хэрэгжиж эхэлснээр нүүрсний гаргалтыг өмнөх нөхцөл байдалд хүргэж чадсан. Ирэх жил 42 сая тонн нүүрс гаргана гэсэн төлөвлөгөө бий.
Өнөөдрийн Засгийн газрын тэмдэглэлд дурдсанаар,
- Тавантолгойн нүүрсний орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа гурван аж ахуйн нэгжийн хүрээд нэгдсэн халдваргүйжүүлэлт, хамгаалалтын аюулгүйн бүс
- Нарийн сухайтын орд дээр үйл ажиллагаа явуулдаг дөрвөн ААН-ийг нэгтгэсэн халдваргүйжүүлэлт, хамгаалалтын аюулгүйн бүсийг байгуулах юм.
Ийнхүү Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтын хооронд тээвэрлэлт хийж байгаа жолооч нарыг шинжилгээнд хамруулснаар тус бүс нутгийг ногоон бүсээр зарлах тухай асуудал Ерөнхий сайдын тогтоолд дурдагдсан.
Цаашид гаалийн шинэчлэлтийн хүрээнд автомат дээж авагч, рентген төхөөрөмж, лаборатори зэрэг шинэ техник технологийг нэвтрүүлснээр нүүрсний экспортын гарцыг нэмэгдүүлэх боломжтой.
Мөн Ханги, Замын–Үүдийн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлснээр нүүрсний гаралт нэмэгдэх боломж бий гэж харж байна” гэв.