ЭМЯ-ны өнөөдрийн 17.00 цагийн ээлжит хэвлэлийн хуралд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү оролцож, цахим орчинг ашиглаж тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдэж буй зөрчлийн талаар мэдээллээ.
Тэрбээр: "Цахим орчноор илт худал мэдээлэл тараасан 44 үйлдлийг шалгаж, энэ хүрээнд 6 иргэнийг 500 мянган төгрөгөөр торгож, 21 төрлийн хууль бус контентыг устгуулсан. 38 зөрчилд харьяаллын дагуу шалгалтын ажил явуулж байна. Мөн "Улсын хилийг дотогш 17 км татсан" гэх худал мэдээллийг түгээсэн иргэдийг мөрдөн шалгаж байна. Архи согтууруулах ундааг цахимаар зар түгээн гар дээрээс худалдаа эрхэлж байсан 11 этгээдийг 100 мянган төгрөгөөр торгож, 8 тээврийн хэрэгслийг саатуулан, 11 фэйсбүүк хаягийг устгуулсан. Мөрийтэй тоглоом тоглосон гэмт хэргийн шинжтэй, ялангуяа хөдөө орон нутгийн групп, сайтууд болон Улаанбаатарт нийтлэг байдаг паблик, сайтууд дахь 75 үйлдлийг илрүүлсэн ба 24 иргэнийг 100 мянган төгрөгөөр торгож, 27 тоглоомын үйл ажиллагааг зогсоосон" гэлээ.