Цар тахалтай холбоотойгоор хэрэгжүүлэх эдийн засгийн үйл ажиллагааг Засгийн газар танилцуулах үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "ЖДҮ-ийн салбарт нийтдээ 140 тэрбум төгрөгийн зээлтэй 700 аж ахуйн нэгж хэвийн зээлийн ангилалтай байгаа.
Эдгээр аж ахуйн нэгжийн зээл төлөлтийн хугацааг ирэх оны 7 сарын нэгэн хүртэл хойшлуулах арга хэмжээг авахаа хэлэв.
Тэрбээр, “ Гэхдээ зээлийн хугацаа хэтэрсэн, 53 тэрбум төгрөгийн авлагатай 310 аж ахуйн нэгж энэ хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хүсэлтээ ирүүлсэн 1579 аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалтаа эцэслэж, 12-р сардаа багтаан 15 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргана” хэмээв.
Төслийн сонгон шалгаруулалтад нээлттэй, ил тод, шударга байх зарчмыг хангана гэдгээ салбарын сайд энэ үеэр илэрхийллээ. Зээлийн батлан даалтын сангийн нийт 70 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд арилжааны банк болон санхүүгийн байгууллагаас зээл авахад барьцаа хөрөнгийн батлан даалт гаргаж, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих аж.