Ш.Оргил: 30 иргэний шинжилгээг баталгаажуулахаар Улаанбаатар хот руу хүргүүллээ

оруулсан Алсын Хараа

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын 2020 оны 11-р сарын 18-ны өдрийн ээлжит мэдээллийг аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил хүргэлээ.

Тэрээр: Сэлэнгэ аймгийн хэмжээнд өглөөний 09.00 цагийн байдлаар автозамын хөдөлгөөнийг хязгаарлах байнгын дөрөв, түр 27, нийт 31 хяналтын цэгт мөн Сүхбаатар сумаас орж, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих 19 цэгт нийт 400 гаруй албан хаагч, 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Сүхбаатар сумын 15 цэгт 30 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Бид иргэд болон байгууллагын 960 хүнээс түргэвчилсэн оношлуураар тандалтын шинжилгээ авч ажиллалаа. Өнөөдрөөс 25 цэгт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахаар хүчээ нэмж байна. Энэ маань тархалтыг түргэн хугацаанд хумьж, барьж авах зорилгоор энэ арга хэмжээг авч байгаа. Иймээс иргэд энэ ажилд сайн дураараа, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаад, 1.5-2м-ийн зайгаа бариад шинжилгээгээ өгөөрэй гэж дахин хэлэх байна. Сүүлийн тав хоногийн хугацаанд түргэвчилсэн оношлуураар 2797, PCR шинжилгээгээр 444, нийт 3241 шинжилгээг хийлээ. Үүнээс 30 иргэний шинжилгээг баталгаажуулахаар Улаанбаатар хот руу хүргүүлээд байна. Сүхбаатар, Алтанбулаг сумын иргэдийг түргэвчилсэн оношлуураар оношлох ажил өчигдрөөс эхэлсэн. Бусад сумаас Сүхбаатарт орж ирээд түгжигдсэн байгаа иргэд түр оршин сууж буй газартаа шинжилгээгээ өгнө. Заавал сумандаа гэх шаардлага байхгүй амьдардаг газрынхаа хаягийг бүртгүүлээд л өгч болно. Үүн дээр нэмж анхааруулахад энэ оношлуураар гарч байгаа сөрөг ч бай, эерэг ч бай хариу асуудал биш ээ. Харин бид эндээс мэдэж авснаараа тархалтыг намжааж авах ач холбоглолтой зүйл байгаа гэдгийг иргэд маань маш сайн ойлгож, шахаж шаардуулахгүйгээр энэ шинжилгээг өгч, бидний ажилд тус дэм болоорой гэдгийг дахин дахин иргэддээ хэлье. Үүгээр гарч байгаа хариуг шууд коронавирус гэдгийг хэлж байгаа зүйл биш шүү гэдгийг миний зүгээс хариуцлагатайгаар хэлье. Иймээс ч хэвлэл мэдээллийн нэг шугамаар мэдээллээ өгч байгаа. Түүнээс иргэд маань эерэг бүхнийг ковид гэж сэтгэлдээ хүлээж аваад байна. Бид энэ шинжилгээгээр вирус байгаа эсэхийг тандаж байгаа. Хэрвээ гараад ирвэл цааш нь баталгаажуулж яг оносон хариуг тогтоож байгаа. Үүнийг эерэг гарсан хүмүүсийн ойр тойрныхон шууд утгаар хүлээж аваад сэтгэл санаагаар унах, тайван бус байдал гарч байна. Иймээс дахин анхааруулж байгаа юм, сөрөг байвал их л сайн шүү дээ. Шинжилгээ аваад гарч байвал тархалтыг намжаахад их түлхэц өгч байгаа том ажил шүү дээ.

Эмийн хүргэлтийн үйлчилгээг хоёр эмийн сан 24 цагаар хүргэн үйлчилж байна. Мөн 24 цагаар ажиллаж байгаа тусгай дугаарын утаснууд нийт 53 хүнд, аймгийн Онцгой комиссын дэргэдэх шуурхай штабаас 324 хүнд мэдээлэл өгсөн байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 103 иргэнийг нүүлгэн шилжүүлж дуусгасан. Эмнэлгийн халдвар ариутгалыг өндөр түвшинд зохион байгуулж, хэвийн үйл ажиллагааг хангахаар ажиллаж байна. Ариутгал халдваргүйтгэлийн ажлыг маш нарийн булан тохой юу л байдаг юм бүгдийг нарийвчлан ариутгаж хийх учраас хугацаа орно.

Хүнсний нөөцийн хувьд аймгийн хэмжээнд 318 худалдааны төв, хүнсний дулгүүр, мухлагаар иргэдийн хэрэгцээг ханган ажиллаж байна. Үүнээс Сүхбаатар суманд 48 хүнсний дэлгүүр, 15 мах худалдан борлуулах цэг тогтмол ажиллаж байна. Хүнсний хомстол тэр дундаа махны хувьд Сэлэнгэ аймаг харьцангуй үнийн нэмэгдэл байхгүй явж байгаа. Бид нөөцтэй байгаагаа хэлье. Иймд иргэд хүнснээ бөөнөөр нь авч гэртээ нөөцлөх асуудал байхгүй ээ. Бид энэ тал дээр хамгийн түрүүнд анхаарал хандуулж байгаа.

Ариутгал халдваргүйжүүлэлтийн хувьд аймгийн Мал эмнэлгийн газар, ЗӨСТ-тэй хамтран Сүхбаатар сумын 67 хүнсний худалдаа, үйлчилгээний төв, ААНБ-ын 176889м2 талбайд, сумдын мал эмнэлгийн тасаг болон мал эмнэлэг үржлийн тасгийн эмч, мэргэжилтнүүд байгууллага, ААН, нийтийн эзэмшлийн 178443м2 талбайд нийт 355333м2 талбайд ээлжит ариутгалын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Ариутгалын ажлыг үргэлжлэн явуулна. Энэ ажилд бид цаг алдалгүй байнга анхаарч ажиллаж байгаа. Сүхбаатар, Алтанбулаг сумын иргэд харьяа багийнхаа заасан цэгүүд дээр очиж шинжилгээндээ хамрагдаарай. Бид цэгүүдийн байршлыг олон нийтэд зарласан.

Сэтгэгдэл бичих