Ч.Хүрэлбаатар: НДШ-ийг төлөөгүй бол алданги, торгууль ногдуулахгүй

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын шуурхай хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр зарим сайд, холбогдох байгууллагын удирдлагаас сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна.

-Төр, засаг гаргаж буй шийдвэрээ судалж, мөн тууштай, нэг мөр хэрэгжүүлэхгүй бол бас иргэдийг бухимдуулаад байна? Засгийн газрын шийдвэр ирэх оны 7 дугаар сарын 1 хүртэл хэрэгжинэ гэхээр өнөөгийн нөхцөл байдал тийм ч хурдан хумигдахгүй дүр зураг харагдаж байна. ААН, байгууллага ажилтан ажилчдаа гэрээр, зайнаас ажиллуулна гэхээр НДШ-ийн төлөлт, зээл төлөлт тасрах эрсдэл үүсэж байна. Тиймээс НДШ-ийг өмнөх шигээ 6 сараар царцаах боломж байна уу? 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Сая хэлсэн 23 арга хэмжээн дотор НДШ-ийг төлөөгүйгээс үүсэх алданги, торгуулийг авахгүй гэж шийдсэн байгаа. Тиймээс тухайн байгууллага, ААН НДШ-ийг нөхцөл байдал сайжраад ирэх үед нөхөөд төлөх боломж нь бий болж, бүрдэж байна. Засгийн газрын тогтоол гартал сайн анхаарч үзээсэй гэж хэлье. Ний нуугүй хэлэхэд ахмадуудын зээлийг тэглэхэд нэг их наяд төгрөг гарсан, ийм өртөгтэй арга хэмжээ байсан юм. Энэ нь одоо ч Засгийн газар болон Монголбанкны өрөн дээр явж буйг онцолж хэлье.

Дараагийн арга хэмжээ бол ямар зардлуудыг хэмнэх юм бэ гэвэл, бид төсвийг тодотгохдоо урсгал зардлыг 118 тэрбум төгрөгөөр танаад хасаад, хэмнэж болох бүх зүйлийг тусгаад оруулж ирсэн. Одоо хөл хориод буй энэ нөхцөл байдалд яаж байна гэхээр зарим зардлыг хэмнэхээр болж байгаа, ялангуяа боловсролын салбарт. Ойролцоогоор сард 20 тэрбум байдаг зардлуудаас хэмнээд явах боломжтойг харж байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Нийт банкны салбараас 1.3 сая зээлдэгчид 17.2 их наяд төгрөгийн зээл олгочихсон байгаа. Энэ нь банкны секторын зээлийн үлдэгдэл бөгөөд үүний 9.2 их наяд төгрөг нь хэрэглээний буюу иргэдийн зээл байгаа. Талаас илүү хувь нь хэрэглээний зээл байдаг юм.

11 дүгээр сарын 10-наас хойш банкны салбар цахимаар ажиллаж байгаа. Өнөөдрийг хүртэл 8 хоног цахимаар ажиллаж байна. Төлбөр тооцоо нь өөрөө картын, их, бага дүнтэй гэсэн 3 янзын төлбөр тооцоо байдаг. Бүх гүйлгээг бид өдөр бүр гаргаж байгаа. 10-наас хойших хугацаанд өдөрт дунджаар 584 мянган картын гүйлгээ гарч, хийгдэж байна. Мөнгөн дүн нь 14.8 тэрбум төгрөг байгаа. Мөн АТМ-ууд ажиллаж байна, банкуудын хэмжээнд 4300 АТМ өдөр бүр дунджаар 2.6 сая төгрөг гэх мэтээр нийтдээ 28 мянган гүйлгээ гарсан байна.

Хамгийн гол бидний харж буй нь их дүнтэй буюу ААН-үүд хоорондын төлбөр тооцоо, гүйлгээ байгаа. Өдрийн дундаж хэмжээ нь 1.5 их наяд төгрөг байгаа. Өмнөх улирлуудад энэ хэмжээ 1-1.2 их наяд төгрөг байснаар тооцоход хөл хорио тогтоогоод байгаа ч үүнээс илүү төлбөр тооцоо цахимаар явагдаж зогсоогүй, гацаагүй хэвийн байна гэсэн үг.

Өнөөдөр та бүхэн мэдэж байгаа, цахимаар төлбөр тооцоо, гүйлгээ явагдаж байгаагаас бус арилжааны бүх банкны үйл ажиллагаа зогссон байгаа. Нөхцөл байдлаас шалтгаалаад ч гэдэг юм уу, нээгдээд ажиллахад банкууд бэлэн байгаа. УОК-оос яаж шийдэхээс шалтгаална. Бид хүсэлтээ тавьсан, хүлээж байна гэв.

Сэтгэгдэл бичих