УОК-т 7.8 тэрбум төгрөгийн хандив цугласнаас 6.6 тэрбумыг нь зарцуулжээ

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан юм. Танилцуулгын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Иргэн, аж ахуйн нэгжүүдээс УОК-т нийт хэдэн төгрөг хандивласан. Үүнээс хэдийг нь зарцуулж байна вэ?

-УОК-т 291 аж ахуйн нэгж байгууллага,  257 иргэнээс 3.5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, 121 аж ахуйн нэгж байгууллага, иргэнээс 4.3 тэрбум төгрөгийн бараа материал ирсэн. Нийт 7.8 тэрбум төгрөгийн хандив гэсэн үг. Үүний 6.6 тэрбумыг өмнө нь зарцуулсан. Бүх зарцуулалт тодорхой байгаа. Одоо бол бэлэн мөнгө үлдээгүй бөгөөд 1.2 тэрбум төгрөгийн бараа материал үлдсэн. Дотоодод цар тахал гарснаас хойш иргэн, аж ахуйн нэгжүүдээс хандив өргөх, сайн дурын хөдөлгөөн өрнүүлэх санал ирж байгаа. Үүнийг одоогоор хязгаарлаж байгаа. Учир нь хандив цуглуулах, айлаар явж бараа материал тараах нь эрсдэл дагуулна. Коронавирус бол агаар дуслын замаар, бараа материалаар дамждаг. Тэр хүн өөрөө халдвартай бол айлуудад тараах, эсхүл өөрөө айлаас халдвар авах эрсдэл бий.

-Хүүхдийн мөнгөө бэлнээр авдаг айл бий юу?

-Улаанбаатар хотод 59 мянган хүүхэд бий. Үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар Сангийн яам, ХНХЯ хамтран судалгаа хийж байна.

-Иргэд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтээ хэзээнээс, хэрхэн гаргах вэ. Шинээр зээл авах иргэдэд энэ зохицуулалт үйлчлэх үү?

-Ипотекийн зээлийг энэ оны 4 дүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулахад 38 иргэн хамрагдсан. Энэ удаагийн зээл хойшлуулах хүмүүс ч өмнөхтэй ижил зарчмаар хэрэгжинэ. Харин шинээр зээл авах иргэд банканд очоод “Би зээл авмаар байна. Гэхдээ хуулийн дагуу ирэх оны 7 дугаар сарын 1 хүртэл төлөхгүй шүү” гэвэл мэдээж зээлийн гэрээ байгуулах ажил нь хойшлох байх.

-Коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүмүүст хэрхэн хяналт тавьж байна вэ?

-341 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Үүнээс 28 нь тусгаарлах байранд байгаа. Гарсан бүх иргэнийг хянаж байгаа бөгөөд эдгэрсэн хүмүүсээс нийт 5 удаа шинжилгээ авч байгаа. Мөн ойр дотны хүмүүсийг нь хяналтад байлгаж байгаа.

-Дотоодоос халдвар авсан анхны тохиолдолтой хамт тусгаарлагдаж байсан хүмүүс тусгаарлалтаас гарсан уу?

-Анхны тохиолдолтой хамт тусгаарлагдаж байсан хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарласан байгаа.

-Төрийн албан хаагчдын 15-20 хувь нь ажиллана гэж байгаа. Бусад хүмүүст цалинг нь бүрэн олгох уу. Цалин, урамшууллаас нь хасах эрх төрийн байгууллагуудад бий юу?

-Ихэнх хүмүүс цахимаар ажиллаж байгаа. Цалинг нь бүрэн олгоно. Цалинг хасах яриа огт байж болохгүй.

-Хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг хэрхэн бүрдүүлж байна вэ?

-Хувийн хамгаалах хэрэгслийн нөөц хангалттай байгаа. Хүн амын 1 хувьд халдвар тархсан тохиолдолд хамгаалах хэрэгсэл хэд хэрэгтэйг тооцож, 3 сарын нөөц бэлдсэн. Нөөцийг бэлтгэхдээ үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, захиалгаа хийсэн. Дотоодод үйлдвэрлэх боломжгүй бүтээгдэхүүнийг гаднаас авч байгаа.

-Хувийн хамгаалах хэрэгсэл худалдаж авах боломжгүй хүмүүст амны хаалт, хэрэгсэл олгох боломж байхгүй юу?

-Одоогоор халдвар голомтолсон байдалтай байгаа. Цаашдаа халдварын тоо ихэсвэл хамгаалах хэрэгсэл худалдаж авах боломжгүй, эмзэг бүлгийн өрхүүдэд олгож эхэлнэ.

Сэтгэгдэл бичих