Өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш "COVID-19"-ийн халдвартай хүн нэгээр нэмэгдсэнийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл 17.00 цагийн мэдээллээр мэдэгдэв.
Халдварын тохиолдол Дархан-Уул аймагт бүртгэгджээ. Уг тохиолдлын хувьд, өглөө хурдавчилсан оношлуураар эерэг гарч тус аймаг дахь нэгдсэн лабораторийн нарийвчилсан шинжилгээгээр халдвартай нь батлагджээ.
Дээрх мэдээллийн өмнө буюу УОК-ын хуралдааны шийдвэр танилцуулах үеэр УОК-ын дэд дарга, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Тухайн батлагдсан тохиолдол нь худалдааны бизнес эрхэлдэг хүн байсан тул Дархан-Уул аймагт хатуу хөл хорионы дэглэм тогтоож, 00.00 цагаас тэг зогсолт хийсэн" тухай мэдээлж байсан юм.
Коронавирус илрүүлэх шинжилгээ авах цэг, шинжилгээний оношлуур хангалттай байгаа учраас одоогоор иргэд яарч сандран шинжилгээ өгөхөөр бөөгнөрөл үүсгэх хэрэггүйг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэвлэлийн хурлын үеэр онцлов.
Тэрбээр мэдээлэлдээ, “Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх нь коронавирусээс урьдчилан сэргийлэх үндсэн арга юм. Сүүлийн хоёр хоногийн байдлаар, бага насны хүүхдийн амьсгалын замын өвчин, тууралт, салхин цэцэг гарах хандлагатай байна. Иймд хоёр хүртэлх насны хүүхдийн асаргаа сувилгааг сайжруулах хэрэгтэй. Хэрэв хүүхэд өндөр халуурах, биеэр нь ямар нэгэн тууралт гарах шинж тэмдэг илэрвэл 119 эсвэл 1800-0119 гэсэн дугаараас зөвлөгөө авах боломжтой. Мэргэжлийн хүүхдийн эмч нар зөвлөгөө өгч байна” хэмээсэн юм.