Улаанбаатар хотод короновирусний халдвар батлагдсан анхны тохиолдол иргэн Д-гийн ахад хийсэн 3 дахь шинжилгээгээр вирус илэрснийг өнөөдөр 11.00 цагт ЭМЯ-наас мэдээлсэн. Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад тус яамны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Цогбадрах нар хариулт өгсөн юм.
-Сэлэнгэ аймагт өчигдөр түргэвчилсэн шинжилгээгээр 22 хүний шинжилгээ эерэг гарсан гэсэн үнэн үү, түргэвчилсэн оношлуурыг ямар тохиолдолд хэрэглэж байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-Сэлэнгэ аймагт гурван хүнийг эхлээд тусгаарласан. Тандалтаар сорьц цуглуулахад түргэвчилсэн оношлуураар 19 хүний тест эерэг гарсан. PCR шинжилгээгээр баталгаажуулах тул хариу хүлээж байна.
Түрүүчийн батлагдсан тохиолдолтой холбоотой ойрын хавьтлуудыг тусгаарласан байсан. Нэг дор 5-6 мянган хүнийг PCR шинжилгээ хийхээс өмнө эхлээд түргэвчилсэн шинжилгээ хийх нь үр дүнтэй юм. Түргэвчилсэн тэстээр ойрын болон 2 дахь хавтлын хүмүүсийг шинжилж байгаа. PCR шинжилгээний хариу гарч баталгаажсаны дараа мэдээлнэ.
Сүүлийн батлагдсан 2 тохиолдол нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн "Тир" машины жолооч нар, нэг нь ОХУ-ын иргэн байсан учраас нутаг буцаасан. Нэг хүн нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
Нийслэлд батлагдсан анхны тохиолдлын ахыг ХӨСҮТ-д тусгаарласан байсан. Түүнд 3 дахь давтан шинжилгээгээр вирус илэрсэн. Улаанбаатар хотын 10 батлагдсан тохиолдлын голомтод ойрын хавьтал 445 хүнийг тусгаарласан, 36 хүний шинжилгээ одоо үргэлжилж байна. Тодруулбал, 102 хүний шинжилгээг 2 удаа, 45 хүний шинжилгээг 3 удаа давтан хийгээд байна.
Одоогоор Улаанбаатар хотын 10 голомтод 5660 хоёрдагч хавьтал байгаагаас 3397 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Сэлэнгэ аймгийн батлагдсан тохиолдолтой холбоотой урьд шөнө өргөжүүлсэн багийг нэмэлтээр явуулсан. Батлагдсан тохиолдлын голомтын хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахын тулд ХӨСҮТ-ийн 2 мэргэжлийн баг ажиллаж байна.
-Сэлэнгэ аймгийн эмнэлэгт эмчлүүлж байсан 11 настай хүү 74 настай иргэнтэй хамаатай юу?
Д.Нарангэрэл: Сэлэнгэ аймгийн 11 настай хүү 74 тэй хүний ойрын хавьтал байсан. Сэлэнгэд нэг голомт илэрсэн гэсэн үг. Хурдавчилсан тестийг хамар залгиур, цуснаас авч хийж байгаа. Цуснаас авч шинжлэхэд 70 хувийн баталгаатай байсан. Хамар, залгиурын сорьцоос авч байгаа тест 95 хувийн баталгаатай. Хурдавчилсан тестээр эерэг гарсныг заавал PCR шинжилгээгээр баталгаажуулна.
Одоогоор 100 мянган оношлуур авч аймаг орон нутагт тараасан.
-Хэнтий аймгийн шинжилгээний хариу гарсан уу?
А.Амбасэлмаа: Хэнтий аймагт 10 хүнд шинжилгээ хийсэн нь сөрөг гарсан хариу дөнгөж сая ирлээ.
- Иргэдэд эерэг мэдээлэл хэрэгтэй энэ үед ЭМЯ цар тахлыг даван туулахад Тайвань зэрэг туршлага сайн улс орны жишэээг дурдаж өгмөөр байна?
Д.Нарангэрэл: Цар тахал гэж зарласнаас хойш 11 сар болж байна. Цар тахлын байдал эрчтэй байгаа ч нэг, хоёр, гурав гэсэн долгион маягаар явж байгаа. Үлгэр дуурайл болж байгаа жишиг улс цөөн байна. БНХАУ, Тайвань короновирусний тархалтыг хяналтдаа сайн авч байгаа. Дэлхий дахины байдал түгшүүртэй, өвчлөл өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа тул ерөнхийдөө сонор сэрэмжтэй байх мэдээлэл өгч байна. Гадны улс орны туршлагын талаарх мэдээллийг ЭМЯ вэб хуудаснаас үзэж болно.
Хамгийн гол нь сахилга бат хариуцлагатай, нягтарч чадсан, эв нэгдэлтэй улсууд тахлыг сайн давж байгаа.
-АНУ-д вакцин гарсан мэдээдлэл бий, Монгол Улс захиалах уу?
Д.Нарангэрэл: Дэлхийн хэмжээнд 130 үйлдвэр вакцины судалгаа хийж байгаагаас 10 нь эрчимтэй явцтай байгаа. Хоёр вакцин 90-94 хувийн үр дүнтэй мэдээлэл цацсан. Монгол Улс вакцин гарвал ДЭМБ баталсны дараа иргэддээ хийнэ. Хүн амынхаа 60-80 хувийг вакцинжуулах, олон улсын байгууллагаас тусламж зөвлөгөө авах гээд төлөвлөгөө гаргаад холбогдох байгууллагатай холбоотой ажиллаж байна.
-Вирус илэрсэн иргэн Д-гийн ах хүнсний үйлдвэрт борлуулагч хийж байсан. Өчигдөр махны цехэд ажиллаж байсан хүн тусгаарлалаа. Хүнсээр дамжаад бидэнд аюул учруулахгүй гэсэн баталгаа бий юу?
Д.Нарангэрэл: Улаанбаатарт халдвар илэрсэн Д-гийн ахад 3 дахь шинжилгээгээр илэрсэн. Хавьтлын шинжилгээг давтан хийсээр байгаа. Хөл хорионы 14 хоногт тархалтаа дарна. Хүнсний бүтээгдэхүүнээс халдвар гарах тохиолдол бий. Мах зэрэг түүхий бүтээгдэхүүнийг буцалгах, өндгийг бүлээн усаар угааж сайн чанах, түүхий ус хэрэглэхгүй байх, жимс ногоог давстай, содтой уусмалаар угаах, талх, ногоо, мах хэрчсэн бандан, хутгаа тусад нь байлгах, близнагаар ариутгах, аяга тавгийг гарын дор байдаг бодисоор угаах, эрүүл ахуйн халдвар судлалын дэглэмийг сайн сахих хэрэгтэй.
Гадуур түгээлтэд явж байгаа ажилчид, сэтгүүлчид одоогоор хамгаалах тусгай зориулалтын хувцас өмсөх шаардлагагүй, амны хаалт зүүж, бээлий өмсөхөд болно. Ариутгалын бодистой самбай, хөвөнгөөр хаалганы бариул боож болохгүй, хүний гар хүрдэг хэсгийг шүршиж ариутгах хэрэгтэй, халдвар хамгааллыг буруу хийж болохгүй.
-Хүн амын хэчнээн хувийг хэвтэн эмчлүүлэх, сэхээн амьдруулах тасаг бэлэн байна вэ?
Халдвар тарах эрсдэлийг олон янзаар тооцож гаргасан. Одоо гарч байгаа өвчлөл Улаанбаатарт 2,2, Сэлэнгэд халдварын тархалтын эрч 1,2 хувь гэх мэт тооцоод явж байгаа.
Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд олон ор бэлдсэн. ХӨСҮТ-д 300 гаруй ор, Цэргийн төв эмнэлэгт 870 гээд бүх шатны эмнэлэгт тодорхой хуваарийн дагуу нөөц ороо бэлдсэн байгаа. Эрчимт эмчилгээний ор янз бүрх байдаг. ХӨСҮТ-д эрчимт эмчилгээний бүрэн төхөөрөмжтэй 10 ор, Улсын гуравдугаар төв эмнэлэгт 22 ор бий. Бүх эмнэлэг халдвар алдахгүй горимоор ажиллаж байгаа.