Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга энэ сарын 16-нд Монгол Улсын шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт албан бичиг хүргүүлэв.
Уг албан бичигт “Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 11-ний 178 дугаар тогтоолд шүүхийн үйл ажиллагаанд хязгаарлахгүй ажиллуулахаар заасан байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүх болон анхан болон давж заалдах шатны шүүхүүдтэй хамтран коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх болон бусад эрх бүхий байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зарим ажиллагааг цахимаар явуулж болох бөгөөд эдгээр байгууллага иргэний үндсэн эрх, эрх чөлөөний баталгааг дордуулахгүйгээр өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох журмыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулна” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх зарим ажиллагааг цахимаар явуулах журмыг баталж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Гэвч Монгол Улсын хэмжээнд анхан болон давж заалдах шатны 116 шүүх нийт 126 гаруй танхимд шүүх хуралдааныг явуулж байгаагаас 115 танхим нь цахимаар шүүх хуралдаан явуулах зориулалтын техник, тоног төхөөрөмжгүй байгаагаас шалтгаалан одоогоор дийлэнх шүүх хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй юм.
Түүнчлэн бүх шатны шүүх нь шүүн таслах ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах үүднээс нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг хүлээн авч, хэргийн оролцогчийн биечлэн оролцоогүйгээр шийдвэрлэх боломжтой шүүх хуралдааныг явуулж байгаа хэдий ч олон оролцогч бүхий шүүх хуралдааныг явуулахад дараах хүндрэл гарч байна.
Тухайлбал, нийслэл дэх анхан шатны нэг шүүх өдөрт дунджаар 15 орчим шүүх хуралдаан товлож, нэг шүүх хуралдаан нь шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч зэрэг 10 ба түүнээс дээш, зарим тохиолдолд 100 орчим оролцогчтойгоор явагддаг. Шүүх хуралдааны танхим нь 25-50 м.кв талбайтай, агааржуулалт муу зэрэг нөхцөл байдлын улмаас коронавируст халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул олон оролцогч бүхий шүүх хуралдааныг явуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
Иймд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд цахим хэлбэрээр явуулах боломжгүй болон олон оролцогч бүхий шүүх хуралдааныг хэрхэн зохион байгуулах талаар зөвлөмж, чиглэл ирүүлэхийг хүсье” гэжээ.