Нийслэлийн голомт дахь батлагдсан тохиолдол 10 болов

оруулсан Алсын Хараа

Эрүүл мэндийн яамны COVID-19  халдварын талаар ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа оролцож мэдээлэл өглөө. Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 16-нд нийт 1,762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ.

  • Сэлэнгэ аймгаар орж ирсэн ТИР машины хоёр жолоочид коронавирусийн халдвар илэрсэн.
  • Улаанбаатарын кластер халдвар буюу ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтал 80 хүнд давтан шинжилгээ хийсэн. Ингэхэд нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Улаанбаатарт гарсан халдварын голомтод бүртгэгдсэн батлагдсан тохиолдлын тоо ингээд 10 болж байна. Хоёрдогч хавьтлын 274 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй.

Дархан-Уул аймгийн лабораторид 132 хүний сорьцод тандалтын зорилгоор шинжилгээ хийхэд нэг сэжигтэй тохиодол илэрч, давтан шинжилгээ хийж байна.

Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 434 боллоо. Үүнээс эдгэрсэн 328, сувилалд 16, гэрийн ажиглалтад 16,  ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 хүн байна.

ХӨСҮТ-д онош  батлагдсан 100 хүн эмчлэгдэж байгаагийн 2-ынх нь биеийн байдал хүнд, 21 нь хүндэвтэр, 77 нь хөнгөн байна. ХӨСҮТ-д нийтдээ 177 хүн ажиглалт тандалт, хяналтад байна" гэв.

Дэлхийн хэмжээнд 54.3 сая хүн коронавирусний халдвараар өвчилж, 1.2 сая хүн нас бараад байна. Харин ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 22 мянган хүн шинээр өвчилсөн тухай мэдээллээр ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийн хэвлэлийн хурал эхэллээ.

ЭМЯ-ны Урьдчилсан сэргийлэх, Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ, “Манай хойд хөршид өвчлөлийн тархалт нэмэгдэж байна. Ялангуяа хил залгаа Чита, Тува болон Алтайн хязгаарт өвчлөл эрчтэй нэмэгдсэн байна. Үүний дотор Буриад улсад өвчлөл нэмэгдсэн учраас халдвар хамгааллыг сайжруулах, голомтыг цомхотгох зорилгоор дахин хатуу хөл хорионы дэглэмийг 2 дахь удаагаа сонгоод байна.

Манай улсын хувьд, коронавирусний 434 тохиолдол бүртгэгдсэн. Өчигдрийн байдлаар коронавиурсний оношилгоо хийх 18 цэгт 1639 хүн шинжилгээ өгсөн. Бүх хариу сөрөг гарсан байна. Сүүлийн 24 цагийн байдлаар, 119 дугаарт 2000 гаруй хүн холбогдож, коронавирусээс хамгаалах болон эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөө авсан байна ” гэв.

Сэтгэгдэл бичих