АНУ-д халдварын тохиолдол долоо хоногт нэг сая гаруйгаар нэмэгдлээ

оруулсан Алсын Хараа

/Reuters/. АНУ-ын Хавайгаас бусад бүх муж улсад “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэж, тус улсад өнгөрсөн долоо хоногт халдварын нэг сая гаруй тохиолдол илэрчээ.

Тухайн хугацаанд халдвараар нас барсан тохиолдлын тоо 12 хувиар нэмэгдэж, өдөрт дунджаар 1100 гаруй хүн нас барсан байна.

“COVID-19” халдварын тархалтыг сааруулахын тулд Мичиган, Хойд Дакота, Вашингтон зэрэг хэд хэдэн мужид нэг дор цуглах хүмүүсийн тоо болон зоогийн газраар нэгэн зэрэг үйлчлүүлэх хүмүүсийн тоонд шинэ хязгаарлалт тогтоожээ.

Мөн Мичиганд шийдэмгий арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхгүй бол долоо хоногт 1000 гаруй хүн халдвараар нас барж болзошгүй байгааг тус муж улсын захирагч Гретхен Уитмер анхааруулжээ. Мичиганд сүүлийн долоон хоногт 431 хүн халдварын улмаас нас барсан байна.

Үүний зэрэгцээ Вермонт, Нью-Хемпшир, Нью-Жерси, Нью-Йорк зэрэг өнгөрсөн зун халдварын тархалтыг хяналтад авсан гэж үзэж байсан муж улсуудад халдвар авсан хүний тоо өнгөрсөн долоо хоногт огцом нэмэгджээ.

“The COVID Tracking Project” цахим хуудасны мэдээллээр, АНУ-д 11 дүгээр сарын 15-ны байдлаар 69 мянга гаруй хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн шинжилгээ өгсөн хүмүүсийн 10 орчим хувийнх нь хариу эерэг гарч байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих