Бичигт боомт маш өндөр эрсдэлтэй нөхцөлд байна

оруулсан Алсын Хараа

Бичигт хилийн боомтод Сүхбаатар аймгийн эрсдэлийн үнэлгээний баг хоёр хоногийн хугацаанд ажиллаад иржээ. Улмаар үнэлгээний дүгнэлт маш өндөр эрсдэлтэй гэж гарчээ. Өөрөөр хэлбэл боомтын ажилчдын ажиллах нөхцөл болоод тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслийн ариутгал халдавргүйжүүлэлтийн ажил хүнд нөхцөлд хийж байна гэв.

Тус боомтоор газрын тос, нүүрсний 70 орчим том оврын машин өдөрт нэвтэрч байна. Гэтэл эдгээр тээврийн хэрэгслийг ариутгах ариутгалын түр функт нь хүйтний улиралд ашиглах боломжгүй болсон учир хуурай аргаар ариутгаж эхэлжээ. Гэвч ариутгах бодис болоод бусад тоног төхөөрөмжийн хангалт муу байгааг хэлж байна. Мөн боомтод ажиллаж буй төрийн алба хаагчид шаардлага хангахгүй хүнд нөхцөлд илүү цагаар ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцөл ч бүрдээгүй байна. Өөрөөр хэлбэл өнөөг хүртэл боомтод хүний их эмчгүй байгаа юм. Үүнээс гадна халдвар хамгааллын хувцас ч хүрэлцээтэй хэмжээнд байж чадахгүй байгааг үнэлгээний багийн ахлагч Д.Баасандорж танилцууллаа.

Тиймээс коронавирусний халдвар хүрээгээ тэлсээр байгаа энэ цаг үед боомтын нөхцөл байдлыг анхааралдаа авч шийдвэрлэх шаардлагатай байгааг анхааруулав. Гол шалтгаан нь хэдийгээр аймаг орон нутгаас тодорхой хэмжээгээр дэмжиж, шаардлагатай зүйлсээр ханган ажилладаг ч боомтын зөвлөл нь огт ажлаа хийдэггүй, удирдлагын хамтын ажиллагаа байдаггүй зэрэг нь энэ бүх эрсдэлийн гол шалтгаан хэмээн тайлбарлаж байгаа юм.

Боомтын нөхцөл байдалтай танилцсан аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга М.Идэрбат, цар тахлын аюул ойртож буй энэ үед бид мянга хичээгээд хорио цээрийн дэглэм сахилаа ч хамгийн эрсдэлтэй бүс болох боомт маань ийм байдалтай байх юм бол ямар ч нэмэргүй, бидний ажлын үр дүн гарахгүй. Тиймээс үүн дээр даруйхан анхаарлаа хандуулан зохих шийдвэрүүийг гаргах болно. Дараагийн онцгой комиссын хурлаар энэ асуудлыг нарийн авч хэлэлцэнэ гэлээ.

Сэтгэгдэл бичих