Ким Жөн Ун коронавирустэй тэмцэх арга хэмжээнүүдийг чангатгахыг үүрэг болгожээ

оруулсан Алсын Хараа

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун коронавирустэй тэмцэх арга хэмжээнүүдийг улам чангатгахыг өндөр албан тушаалтнууддаа үүрэг болгосон гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллээ.

Солонгосын төв телевизийн мэдээлснээр, Ким Жөн Ун Хөдөлмөрийн намын улс төрийн товчооны уулзалтад өнгөрсөн ням гарагт оролцжээ. БНАСАУ улс орондоо халдварын батлагдсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээлж байгаа юм.

Гэвч дэлхийн зарим оронд цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч байгаатай холбоотойгоор коронавирусний халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ чангатгах хэрэгтэй байгаа талаар уг уулзалтад оролцогчид хэлэлцсэн байна.

БНАСАУ-ын удирдагч сонор сэрэмжтэй хэвээр байж, цар тахалтай тэмцэх улс орныхоо арга хэмжээнүүдийг төмөр мэт бат бөх болгохыг улс төрийн товчооны уулзалтад оролцогчдод үүрэг болгожээ.

Ташрамд дурдахад, БНАСАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден сонгуульд ялалт байгуулснаа зарласан талаар огт мэдээлээгүй байгаа юм.

Үүнээс үзэхэд Пёньян Ким Жөн Унтай найрсаг харилцаа тогтоосон Ерөнхийлөгч Дональд Трампын хийж буй мэдэгдлийг нягт ажиглаж байгаа бололтой байна. Д.Трампын хувьд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад байгаа билээ.

Мөн БНАСАУ Ж.Байден улс орныг нь чиглэсэн ямар шийдвэрүүдийг гаргахад ихээхэн анхаарал хандуулж байгаа төлөвтэй байна.

Сэтгэгдэл бичих