Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Норов Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралтай өнгөрсөн баасан гарагт уулзжээ.
Уулзалтын үеэр В.Норов үүрэг ажилдаа орсонд нь Т.Бадралд баяр хүргэхийн сацуу цаашдын ажилд нь амжилт хүсжээ.
Түүнчлэн 11 дүгээр сарын 10-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны дүнг Элчин сайдад танилцуулсан байна. Мөн тэрбээр ШХАБ-д Монгол улс ажиглагчийн хувиар оролцож буйд онцгой анхаарал хандуулж, ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх хэд хэдэн саналыг хэлэлцжээ.
В.Норов 2019 онд Бишкек хотод баталсан ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын ажиглагч болон яриа хэлэлцээний түнш орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх замын зураглалын ач холбогдлыг цохон тэмдэглэжээ.
Харин Т.Бадрал замын зураглалыг ашиглан Монгол Улс ажиглагч орны хувиар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, байр сууриа бэхжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэхийн сацуу ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газартай нягт хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв.
Элчин сайд Т.Бадрал цахим хэлбэрээр болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг өндрөөр үнэлж, тус байгууллагын бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахад гүйцэтгэсэн үүрэг, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэв.