“COVID-19” халдварын 3 шинэ тохиолдол бүртгэгдлээ

оруулсан Алсын Хараа

 Өчигдөр 1818 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад батлагдсан тохиолдол 431 болсныг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Халдвартай нь батлагдсан тохиолдлын нэг нь Сэлэнгэ аймагт бөгөөд улмаар тус аймагт бүртгэгдсэн тохиолдол 4 болж байна. Мөн 10 дугаар сарын 28-ны өдөр Будапештын тусгай нислэгээр ирсэн иргэний давтан шинжилгээгээр коронавируст халдвар илэрсэн бол, гурав дахь тохиолдол нь Энхсаран сувиллын сувилагч юм байна. Өнөөдрийн байдлаар 97 хүнийг ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна. Үүнээс 2 хүний биеийн байдал хүнд, 20 хүн хүндэвтэр, 75 хүн хөнгөн гэсэн оноштой байгаа юм байна.

“COVID-19” халдварын нөхцөл байдлын талаар сэтгүүлчдийн хөндсөн асуултад тус яамны эмч мэргэжилтнүүд хариулт өгсөн юм.

-Тэсо группийн түгээгч болон эхнэрийнх нь шинжилгээний хариу эерэг гарсан гэх мэдээлэл сошиалаар гараад байна. “COVID-19” халдвар мал амьтнаар дамждаг гэсэн мэдээлэл байгаа энэ талаар хариулт өгнө үү. Мөн халдвар авсан хүүхэд болон настай хүн хэд байна вэ?

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Тэсо группийн ажилтнуудын шинжилгээний хариу сөрөг гарсан. “COVID-19” халдвар мал, амьтнаар дамжин халдварлах тохиолдол олон улсын хэмжээнд 10 хүрэхгүй тохиолдол л байгаа. Гэхдээ сэрэмжлэх нь чухал. Өнөөдөр халдвартай байгаа хүмүүсээс 1 настай нэг, 10-13 настай 2 хүүхэд байна. Харин 74 настай хүний бие хүнд байсан ч өнөөдрөөс биеийн байдал тогтворжиж байгаа гэв.

-Халдвар авсан  эмч, сувилагчийн 7 тохиолдол гарлаа. Цаашдаа эмч, сувилагчдаа бэлтгэж сургах болон халдварын бүсэд ажиллах бэлтгэл нөөц, судалгаа тооцоо гаргасан уу?

-Энэ халдвар авсан 7 эмч, мэргэжилтэн, сувилагчид манай бэлтгэгдсэн 2 багаас илэрсэн. Бид “COVID-19” халдварын бүсэд ажиллах 15-16 баг бүрэлдэхүүнийг бэлтгэж сургалтад хамруулж, мэргэшүүлээд байна. Мөн нөхцөл байдлаас хамаарч хэрхэн ажиллах тооцоо, судалгаа, төлөвлөгөөг гаргасан байгаа.

-Харин Энхсаран сувиллын газар анх хэзээ халдвар гарсан талаар сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариулахдаа:

-Энхсаранд анх 2020 оны 11 дүгээр сарын 7-нд 24 хүнд халдварын тохиолдол илэрсэн. Тэгээд 61 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Өнөөг хүртэл 45 халдварын тохиолдол илрээд байгаа. Тус сувиллаас тээврийн 6 жолоочийг олж тогтоон тусгаарлалтад авч шинжилгээнд хамруулсан. Тэдний 3 нь хотынх, Өмнөговийн нэг, Орхоны нэг, Сэлэнгийн 1 хүн байсан бөгөөд тэдний шинжилгээний хариу сөрөг буюу илрээгүй.

Өнөөдрийн байдлаар “COVID-19” халдвар тээгч жолоочийн ойрын хавьталтай 288 хүний шинжилгээ сөрөг гарсан, тэднийг тусгаарлан тандалтын байдалд байлгаж байна. Харин 2 дугаар хавьтлын хүмүүс  болох 5000 гаруй хүнийг гэрт нь хатуу хяналтад байлгаж байгаа гэлээ.

ЭМЯ-ны өнөөдрийн /2020.11.16/11 цагийн мэдээллийн үеэр мөн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  “COVID-19” халдвар дэлхийн 218 улсад бүртгэгдэж, сүүлийн 24 цагийн дотор 594 хүн шинээр халдвар авсан тухай танилцуулсан юм. Тэрбээр, “Өнөөдрийн байдлаар “COVID-19” халдвар дэлхийн 218 улс орон, нутаг дэвсгэр дээр бүртгэгдэж,  53,7 сая хүн уг халдварыг авч, 1,3 сая хүн эндсэн байна. Өнгөрсөн 24 цагт дэлхийн хэмжээнд “COVID-19” халдвар эрчимтэй тархаж 594 мянган хүн шинээр халдвар авч, энэ өвчнөөр 6221 хүн энджээ.

ОХУ-д өнгөрсөн 24 цагт 22 мянган хүн халдвар авсан байна. Манай улсын хувьд 431 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өчигдрийн мэдээлэл хийсэн 17 цагаас хойш лабораториор батлагдсан 3 тохиолдол шинээр гарлаа. Өнөөдөр 8 цэгийг нэмснээр нийт 19 цэгт “COVID-19” халдварын шинжилгээ тандалтын ажлыг хийж эхлээд байна. Мөн ХӨСҮТ-ийн 2 лабораториос гадна Зоонозын өвчин судлалын төвийн лабораториор 1918 хүнд “COVID-19” халдвар илрүүлэх шинжилгээ хийсэн үүнээс 758 хүний шинжилгээний сорьцоос халдвар илрээгүй.

Цаашид 17 цагийн мэдээллээр үлдсэн хүмүүсийн шинжилгээний сорьцын дүнг танилцуулна. Иргэд “COVID-19” халдвар болон эрүүл мэндийн талаар мэдээлэл, зөвлөгөөг 119 тоот дугаарт холбогдож  авч байгаа. Өнөөдрийн байдлаар 1799 хүн уг дугаарт хандаж зөвлөгөө авсан байна.

Иргэд 119 болон 18000119 гэсэн дугаарын утсаар холбогдож мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. Иргэд, олон нийт бидэнтэй маш сайн хамтарч ажиллаж байгаад талархаж байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих