Монгол Улсын Засгийн газраас коронавирусний эсрэг авч хэрэгжүүлсэн хичээл зүтгэлийг ДЭМБ-аас сайшаасаар ирсэн гэдгийг Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица ЭМЯ-ны өнөөдрийн 17.00 цагийн ээлжит мэдээллийн үеэр онцлов.
Тэрбээр мэдээлэлдээ, “Коронавирусний цар тахал дэлхий нийтэд гарч эхэлсэн нэгдүгээр сараас хойш Монгол Улс хил хаах, боловсролын салбарт өөрчлөлт оруулах зэрэг хорио цээрийн шийдэмгий арга хэмжээг хэрэгжүүлсэн. Мөн үүний зэрэгцээ тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтлын судалгаа, тусгаарлах арга хэмжээ, олон нийттэй харилцах гэх мэт эрчимтэй арга хэмжээг авч байна. Мөн улс даяар бүх хавьтлыг аль болохоор хурдан илрүүлж, тусгаарлаж, бүх нийтийн эрүүл мэндийн төлөө хичээнгүйлэн зүтгэж байна. Монгол Улс маш урт удаан хугацаанд нэгдүгээр үе шат буюу зөвхөн зөөрлөгдсөн тохиолдолтой байсаар ирсэн.
Харин 11 дүгээр сарын 10-наас эхлэн хэд хэдэн голомтолсон халдвар илрээд байна. Өөрөөр хэлбэл, халдвар хоёрдугаар шатанд шилжсэн гэсэн үг. Энэ үед нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж байна. Бид үүнтэй өрсөлдөж арга хэмжээ авах шаардлагатай.
Гэртээ байх, гэрээсээ ажиллах, хүссэн үедээ гарахгүй байх, хүссэн газар руугаа явж чадахгүй байгаа нь та бүхнийг бухимдуулж байж магадгүй. Гэхдээ тухайн улс нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд энэхүү арга хэмжээг авч байгаа. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа энэ бүх арга хэмжээ нь Монгол Улс дахь коронавирусийг таслан зогсоох зорилготой юм. Энэ нь олон улсын туршлагад суурилсан бөгөөд Монгол Улсын өвөрмөц нөхцөл байдалтай уялдуулж боловсруулсан байна. Бүх хавьтлыг бүрэн илрүүлэхийн тулд дахин 14 хоног шаардлагатай болж байна. Энэ бүх шийдвэр хайртай хүмүүсээ хамгаалах, биднийг хамгаалж буй фронтын өмнө ажиллаж байгаа хүмүүсийг хамгаалах зорилготой гэдгийг та бүхэн санаарай” хэмээв.