Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засагтай холбоотой дорвитой шийдвэр лхагва гарагт гарна

оруулсан Алсын Хараа

Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн хамтарсан ажлын баг хорио цээрийн дэглэмийн үед эдийн засагт авах арга хэмжээ, хохирол багатай даван туулах төлөвлөгөө боловсруулж буйг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу дээрх ажлын багийг байгуулж хөл хориог сунгасан 14 хоногийн хугацаанд эдийн засагт авах арга хэмжээний цогц төлөвлөгөөг өнөө маргаашдаа боловсруулан лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, "Дээрх ажлын баг банкны зээл, аж ахуйн нэгжүүдийн түрээсийн асуудал, жижиг, дунд үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй холбоотой олон асуудлыг нарийвчлан тооцоолж байна. Мөн Шадар сайд үүрэг болгосны дагуу Сангийн сайд, ЗГХЭГ-аас холбогдох яамдуудтай хамтран ажлын баг байгуулж холбогдох газарт танилцуулах уулзалт хийж байна. Лхагва гарагт дорвитой шийдвэр гарна" хэмээв.

 

"Засгийн газар, УОК-оос дам хавьтлуудыг 14 хоногийн хугацаанд бүрэн хяналтад авахын төлөө бүх зүйлээ хийхэд бэлэн. Иргэд ард түмэн маань өөрсдөөсөө шалтгаалах зүйлээрээ дэмжиж, цар тахлыг богино хугацаанд хяналтдаа оруулбал эдийн засаг сэргэх боломжтой. Цаашаа алдаад явбал дэлхийд тодорхойгүй байгаа энэ цар тахал амаргүй нөхцөл байдал үүсгэнэ" хэмээн тэрбээр мэдээллийнхээ үеэр онцоллоо.

Сэтгэгдэл бичих