Гэрийн ажиглалтад шилжсэн 259 иргэн 14 хоногийн тусгаарлах дэглэм барина

оруулсан Алсын Хараа

Сүүлийн хоёр өдрийн байдлаар тусгаарлах байрнаас 259 иргэн гэрийн ажиглалтад гарч 14 хоногийн тусгаарлах дэглэм барих талаар гарын үсэг зурж баталгаажуулсан талаар ЭМЯ-ны өнөөдрийн /2020.11.15/ ээлжит мэдээллийн үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээллээ.

Гэрийн ажиглалтад өчигдөр шилжсэн хүмүүсийг УОК-ын шуурхай штабаас хаягийн дагуу нэгдсэн зохион байгуулалтаар  хүргэж  байгааг тэмлэглээд, үүнд орон нутгийн шат шатны мэргэжлийн байгууллага хамтарч, хяналт тавьж буйг онцоллоо.

ХӨСҮТ-ийн зөвлөснөөр хавьтал болсон 215 иргэнийг нийслэлийн гурван цэгт ажиглах байранд шилжүүлж тусгаарлах ажлыг зохион байгуулжээ. Тусгаарласан иргэдийн холбогдох зардлыг төрөөс дааж байгаа аж.  Иргэдийн санал хүсэлтэд, 21 хоног тусгаарлагдаад тухайн байрандаа үргэлжлүүлэн тусгаарлагдах иргэдийн холбогдох зардлыг хаанаас гаргахыг лавлаж байна. Тиймээс тэдгээр иргэдийн тусгаарлах зардлыг төрөөс дааж буйг тодотгов.

ОБЕГ болон ЭМЯ-наас холбогдох албаныхан нийслэлийн хэмээнд шинжилгээ авч буй 11 цэгт хяналт тавьж заавар зөвлөгөө өгч байгаа бөгөөд цаашид эдгээр цэгийн тоог нэмэх талаар судалж байгааг тэмдэглэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны ажил сүүлийн үед ачаалалтай байгаа тул нэмж удирдлага зохион байгуулалтаар хангах, УОК-ын Шуурхай штаб болон нийслэлийн Онцгой комиссоос машин, техник дайчилж дэмжиж ажиллаж байна.

Орон нутгийн Шуурхай штабууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Засгийн газар, УОК-ын шийдвэр, албан даалгаврыг биелүүлж ажиллаж байна. Бүх нийтийн бэлэн байдлын үед хөдөлгөөн хязгаарлах ажилд онцгой байдлын 229, цагдаа дотоодын цэргийн 2628, олон нийтийн цагдаа 100, мэргэжлийн хяналтын 308, ДХИС-ийн 2279 сонсогч нийт 5167 алба хаагч 263 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг мэдээллийн үеэр дурдав.

УОК-ын Шуурхай штабын утсанд хоногт дунджаар 1300 гаруй дуудлага, санал хүсэлт ирж байгаа бөгөөд тухай бүрт нь холбогдох албан тушаалтанд шилжүүлж хариу өгч байгаа аж.  Мөн УОК-ын Шуурхай штабаас орон нутгийн шуурхай штабуудад мэргэжлийн зааварчилгаа өгч, төлөөлөгч томилж ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих