/Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжиж буй олон арван мянган хүн нийслэл Вашингтон хотод бямба гарагт жагсжээ. Тэд сонгууль будлиантай болсон гэх Д.Трампыг батлагдаагүй мэдэгдлийг давтан хэлж, түүнийг автомашинтай хажуугаар нь өнгөрөх үеэр дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден сонгуульд ялалт байгуулахад шаардлагатай саналыг тоог авснаас хойш нэг долоо хоногийн хугацаа өнгөрөөд буй энэ үед Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Д.Трамп сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, хэд хэдэн зарга мэдүүлсэн юм. Харин Америк даяарх сонгуулийн ажилтнууд сонгууль будлиантай болсныг батлах нотолгоо байхгүй байгааг мэдэгджээ.
Жагсагчид АНУ-ын төрийн далбааг барин “Сонгуулийг будлиантуулахаа зогсоо” хэмээн хашхирч, Цагаан ордны ойролцоох “Freedom” плазагаас Дээд шүүхийн байр хүртэл жагссан байна. Д.Трамп Виржиниа муж улс дахь гольфын талбай руугаа явах замдаа жагсагчдын хажуугаар өнгөрчээ. Тэд Ерөнхийлөгчөө хараад маш их баярласан бөгөөд “Америкийг дахин агуу гүрэн болгоё” хэмээх уриа бүхий малгайгаа өмссөн Д.Трамп ерөнхийлөгчийн лимузинээсээ жагсагчид руу далласан байна.