ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ БАЙГАА 14,309 ХҮНД УРАМШУУЛАЛ ОЛГОНО

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт цар тахлын онцгой, өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа, хил хамгаалах зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдад нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор боллоо. Мөн тусгаарлах байранд ажиллаж байгаа 1,362 резидент эмч, эргүүл хамгаалалтад гарч байгаа 1,450 сонсогчид олгох урамшуулал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 520 алба хаагчийг өвлийн хувцсаар хангахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэлээ.

Бүх төрлийн будааг Гаалийн болон НӨАТ-аас  чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газар хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг  Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр төлөвлөж байна. Хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн хүнсний хомсдол үүсэх, үнийн өсөлтөөс сэргийлэх, хангамжийг тогтворжуулах, аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор хүнсний улаанбуудай импортлоход шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкны эх үүсвэрээс гаргахаар шийдвэрлэлээ. Нийтдээ 150 мянган тонн хүнсний улаанбуудай, 40 мянган тонн үрийн буудай импортлох шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Иргэдийг сайн дураараа шинжилгээ өгөхийг уриаллаа

“Ковид-19”-ийн халдвартай нь тогтоогдсон иргэдийн ойрын болон дам хавьтлыг тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилсээр байна. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Оюутны гудамж дахь “Говь гурван сайхан” төвд байрлах караокед 17.00-20.00 цагт, мөн хорооны “Өгөөж” нэртэй цайны газарт 12.00-14.00 цагт, мөн дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” зочид буудалд байсан иргэд өөрт ойр байрлах шинжилгээний төвд сайн дураар очиж үнэ төлбөргүй шинжилгээ өгөхийг Улсын онцгой комисс уриаллаа. Мөн Эрүүл мэндийн яамны 119, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 80086928 дугаарын утсанд холбогдож зөвлөгөө, зөвлөмж авахыг хүсч байна. Бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд ард иргэд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвийн 1111 дугаарын утсанд холбогдох, эсвэл [email protected], e-mongolia.mn, 11-11.mn хуудсаар санал, хүсэлтээ ирүүлж болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл бичих