Засгийн газар өнөөдөр 18.00 цагаас хуралдаж, хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар Төрийн ордонд танилцуулав.
Засгийн газрын шийдвэрээр халдварын голомтод ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын зэрэг төрийн албан хаагчдад эхний ээлжинд 14.809 хүнд урамшууллыг Засгийн газрын нөөцөөс гаргах талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ.
Тэрээр, мөн хүнсний нөөцөө бүрдүүлэх шат дараатай арга хэмжээ авч байна. Тиймээс зарим нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүнийг Гаалийн албан татвар болон НӨАТ-аас чөлөөлөх хүсэлтийг УИХ-д оруулахаар боллоо. Хүнсний хангамжаа тогтвортой байлгах үүднээс гаднаас улаанбуудай авахад тодорхой төсөв гаргахаар болов. Бид шийдвэрүүдээ ДЭМБ-ын болон дотоодын мэргэжлийн эрдэмтэд, судлаачдын зөвлөмж дээр үндэслэн хийж байна гэв.
-Одоогоор нийт хавьтлын тоо хэд болоод байна вэ? Иргэд шинжилгээ хийлгэе гэхэд 150 мянган төгрөг төлөх хүндрэлтэй байгаа юм биш үү?
-Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: -Одоогоор нийт хавьтлын тоо 2700 орчим байна. Шинэ халдвар илрэхийн хэрээр хавьтлын тоо цаашдаа ч нэмэгдэнэ. Бид 2000 орчим шинжилгээг хийсэн ба нийслэлд байгуулсан 11 цэг дээр өнөөдрийн байдлаар 400 гаруй шинжилгээг хоёр төрлөөр аваад байна. Мөн Сэлэнгэ аймагт цэг байгуулж 200 хүнд шинжилгээ хийсэн. Одоо тандалтын шинжилгээг авч байгаа ба сайн дураар өгөх хүмүүс ирэх даваа гарагаас эхлэн өгнө. Шинжилгээ үнэ төлбөргүй, 150 мянган төгрөг гэдэг нь ташаа мэдээлэл юм. Аймаг, өрхүүдэд түргэвчилсэн оношилгоог хүргүүлсэн.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: -Энэ сарын 9-нд "Говьсайхан" караокегоор үйлчлүүлсэн иргэд ЭМЯ-ны 119 дугаарт яаралтай холбоо барихыг анхааруулж байна. Учир нь явсан чиглэлээ нуусан халдвар тээгч Сүхбаатар дүүрэг дэх "Говьсайхан" караокегоор энэ сарын 9-ний 17-20 цагт үйлчлүүлснийг тогтоосон тул тухайн цагт тус төвөөр үйлчлүүлсэн иргэд яаралтай хандах нь чухал байна. Мөн зарим иргэн маршрутаа мартах, нуух тохиолдол гарч байна. Өнөөдөр зарим халдвар тээгчийн явсан зам, чиглэл тодорхой боллоо.
Тухайлбал, "Говьсайхан" караоке болон "Топаз" зочид буудал, "Өгөөж-1" цайны газар зэрэг маршрутаар халдвар тээгч явсныг илрүүлсэн. Иргэдийг ЭМЯ-ны 119 тоот утас, ХӨСҮТ-ийн 8008-6829 дугаар руу холбогдож, зөвлөгөө зөвлөмж авахыг хүсэж байна.
Анх батлагдсан тохиолдол гарснаас хойш хөл хориог 5 хоногоор тогтоосон. Халдварыг улсын хэмжээний дэгдэлт болгохгүйн төлөө зорьж ажиллаж байгаа. Гэтэл миний хэлсэн шалтгаануудын улмаас хөл хориог сунгах шаардлага гарч болзошгүй байгааг ард иргэд минь ойлгоорой.
Шадар сайд Я.Содбаатар: -Иргэд Гамшгийн бэлэн байдлын нөхцөлтэй холбоотой мэдээллийг 111 дугаарын утсаар авч болно. Халдвар болон өвчний шинж тэмдэгтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөөг 119 дугаараар авна.
-Гааль болон НӨАТ-аас ямар ямар бүтээгдэхүүнийг чөлөөлж байна вэ?
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: -Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цар тахал болон өвөлжилтийг хүндрэл багатай давах чиглэлээр гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээлийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр шийдсэн. Бүх төрлийн будаа буюу цагаан, шар, гурвалжин будаа, ургамлын тос зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн, мөн малын бүх төрлийн тэжээл, хүнсний улаан буудай, улаан буудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр болсныг УИХ-д өргөн барина.