Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 7 дахь өдрийн барилдааны дараа Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Такакейшо нар 7 даваатай башёг тэргүүлж байна.
Макүүчи буюу дээд зиндааны 7 дахь өдрийн барилдаанд Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ватакакакагетай /М1/ барилдаж сүкүинаге мэхээр өрсөлдөгчөө давснаар 7 даваатай болов. Маргааш Комүсүби Тэрүнофүжи, Дайейшотой /М2/ барилдах юм.
Энэ өдөр М13 Ичиножёо А.Ичинноров, Мейсэй-д /М10/ ёрикири мэхээр унаж 2 даваа, 5 унаатай байгаа бол М13 Хоошёорюү С.Бямбасүрэн, нэг ч унаагүй явсан Чиёокүни -г /М14/ ваташикоми мэхээр давснаар 4 даваа, 3 унаатай боллоо. Харин Чёошома Г.Мөнхсайхан Саданоүми-д сүкүинаге мэхээр ойчиж 4 унаа, 3 даваатай явна.
Мөн энэ өдрийн барилдаанд М6 Тамаваши Б.Мөнх-Оргил, Тэрүцүёошитэй /М8/ учраа таарч хатакикоми мэхээр давснаар 5 даваа, 2 унаатай болов. Маргааш Токушёорюү-тэй барилдахаар учраа таарсан байна.
Өнөөдөр башёг манлайлагч Озэки Такакейшо, Окиноүми-г /М3/ ошидаши мэхээр хаяж 7 даваатай башёг тэргүүлсээр байна. Тэрбээр маргааш Хокүтофүжи-тэй /М4/ барилдана.