Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүнгээр МАН 12 аймагт, Ардчилсан нам найман аймагт ялалт байгуулаад байгаа. Ихэнх аймгууд Засаг дарга болон ИТХ-ын даргаа томилоод байна. Тэднийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжилснаар хүчин төгөлдөр болж, ажлаа эхлүүлнэ. Харин Завхан аймаг өнөөдрийг хүртэл ИТХ-ын анхдугаар хуралдаанаа хийж чадаагүй байна. Учир нь одоогийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Ц.Балхярваа нар “албан тушаал нэхэж” анхдугаар хуралдаанаа зарлахгүй байгаа гэх мэдээлэл бий. Тус аймагт МАН ялалт байгуулсан бөгөөд МАН-ын хорооны дарга Д.Түвшинжаргал Засаг даргад яригдаж байгаа юм.
Харин Увс аймагт Ардчилсан нам олонхи болсон. Тус аймгийн Засаг даргаар Ч.Чимэдийг томилуулахаар ИТХ нь дэмжсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх татгалзсан хариу өгчээ. Увс аймагт олон жил МАН засагласан. Харин энэ удаад Ардчилсан нам ялсан ч Засаг даргаа томилж чадахгүй нөхцөл байдалтай байна. Дээрх хоёр аймгаас бусад нь Засаг даргаа томилоод байгаа юм. Тухайлбал,
АРХАНГАЙ аймгийн Засаг даргаар аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Д.Золжаргалыг дэвшүүлж, төлөөлөгчдийн 56.4 хувийн саналаар дэмжиж Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан байна.
Харин БУЛГАН аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан бөгөөд Засаг даргаар тус аймгийн АН-ын дарга Б.Ариун-Эрдэнийг томилжээ. БАЯН-ӨЛГИЙ аймгийн Засаг даргаар хуучин даргыг нь улираан томилно гэх яриа байсан ч Д.Бауыржаныг 100 хувийн саналаар дэмжиж, аймгийн Засаг даргаар сонгожээ.
Мөн БАЯНХОНГОР аймгийн Засаг даргаар одоогийн засаг дарга Д.Мөнхсайханыг улираан ажиллуулахаар тогтсон бол ГОВЬ-АЛТАЙ аймагт Ардчилсан нам ялж О.Амгаланбаатар дахин удирдахаар болж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар ГОВЬСҮМБЭР аймгийн Засаг даргаар Г.Батзамыг томилсон байна. Тэгвэл ДАРХАН-УУЛ аймгийн Засаг даргаар Б.Азжаргалыг томилжээ.
ДОРНОГОВЬ аймагт МАН ялалт байгуулсан бөгөөд Засаг даргаар О.Батжаргалыг томилсон бол ДОРНОД аймгийн Засаг даргаар М.Бадамсүрэнг улираан томилжээ. Харин ДУНДГОВЬ аймагт АН-ын дарга Ц.Мөнхбат нь аймгийн Засаг даргын ажлаа хийхээр болжээ.
Тэгвэл ОРХОН аймагт С.Батжаргалын нэрийг дэвшүүлсэн бол ӨВӨРХАНГАЙ аймгийн Засаг даргаар А.Ишдоржийг томилжээ. ӨМНӨГОВЬ аймагт “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Р.Сэддоржийг Засаг даргаар сонгосон бол СЭЛЭНГЭ аймагт Б.Нарантуяаг Засаг даргаар томилжээ.
СҮХБААТАР аймагт АН ялалт байгуулсан бөгөөд аймгийн Засаг даргаар АН-ын хорооны дарга М.Идэрбатыг томилохыг дэмжиж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилжээ.
ТӨВ аймагт МАН олонх болсон бөгөөд Д.Амгалан удирдахаар болжээ. Харин ХОВД аймагт хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар МАН-ын хорооны дарга Б.Дүгэржавыг Засаг дарга болгохоор дэмжжээ. Харин ХӨВСГӨЛ аймгийн Засаг даргаар АН-ын хорооны дарга Ш.Идэрбаясгаланг дэмжсэн бол ХЭНТИЙ аймгийн Засаг даргаар Хэрлэн сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Идэрбатыг томилуулахаар Ерөнхий сайдад уламжилсан байна.