Аймгийн онцгой комиссын ээлжит хуралд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр оролцлоо. Дархан-Уул, Сэлэнгэ аймагт үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж буй ажлыг үр дүнтэй болгоход удирдан зохион байгуулах, дэмжлэг үзүүлэхээр томилсон аж.
Онцгой комиссын хуралдааны эхэнд албадын дарга нар мэдээллээ танилцуулсан. Үүний дараагаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр гишүүдэд хандан хатуухан сануулга өглөө.
Тодруулбал Дархан, Сэлэнгэ хоёрыг ялгаж салгаж ойлгож болохгүй. Нэг эх үүсвэртэй. Хэдийгээр Дарханы иргэдээс авсан шинжилгээний хариу эхнээсээ сөрөг гарч байгаа ч тайвширч болохгүй. Дэглэмийг чангатгаад ард иргэдийг гэрийн хорионд оруулж, хөдөлгөөнийг хязгаарлан, халдвар авсан байж болзошгүй иргэдийг яаралтай олж тогтоох, тусгаарлах, шинжилгээ авах, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах шаардлагатай. Гэвч та бүгдийн хийж хэрэгжүүлж буй ажлын зарим нь учир дутагдалтай байна. Албадын дарга нарын хоорондын уялдаа холбоо муу, нарийвчилсан тоог эцэслэж гарга, тоон мэдээлэл зарим тохиолдолд зөрж байна. Энэ бол команд штабын дадлага сургууль биш. Бид өмнө урьдчилан сэргийлдэг байсан бол одоо тэмцэж ажиллаж байна. Энэ бол бодит ажил гэдгийг цаг минут тутам бод. Маш богино хугацаанд эх үүсвэрийг таслан зогсоох. ОБГ-аас хэрэгжүүлж буй ажил, тайлан мэдээлэл хангалтгүй байна. Энэ байдлаар үргэлжилбэл албан тушаалтай нь хүртэл ярих асуудал гарна гэдгийг хатуу санууллаа. Учир нь энэ бүхний цаана хүн бүрт эрсдэл бий болж, тэр чинээгээрээ хөрөнгө мөнгө гарч байгаа гэдгийг санах хэрэгтэйг онцоллоо.
Мөн тэрээр хэлэхдээ зохион байгуулалтын болоод хязгаарлалтын арга хэмжээний ажлууд сайн байна. Хөл хориог бүрэн хааж чадсан. Орой бүрийн онцгой комиссын хуралдаанд ирэхдээ илтгэлээ маш тодорхой бичиж ирүүлэхийг үүрэг болголоо. Бид хэрхэвч тайвширч болохгүй. 92 хүүхдийн ар гэрийг сайтар судалж яаралтай шинжилгээнд хамруулж эрсдэлийг багасга гэлээ.