Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн юм.
Үүнтэй холбогдуулан цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын алба хаагчид эргүүл хамгаалалтад ажиллаж байна.
Хөл хорионы үеийн нөхцөл байдал, зөрчил дутагдлын талаар мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллагаас тодрууллаа.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Иргэд гадуур явах нь өнөөдрөөс харьцангуй багасаж байна. Иргэдийн бичиг баримтыг шалгаад Улсын онцгой комиссоос гаргасан зайлшгүй зорчих ёстой хүмүүсийг нэвтрүүлж байгаа.
Гэртээ байх уриалгыг сайн дагах нь чухал. Согтууруулах ундаа худалдан борлуулсан 60 орчим пэйж хуудаст шалгалт хийж байна. Мөн иргэд машиндаа согтууруулах ундаа борлуулж байсан зөрчил илэрсэн. Уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.13-д заасны дагуу арга хэмжээ авна” гэлээ.
Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийнхөн Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороо Ханын материалын эцэст очиж нөхцөл байдалтай танилцжээ.
СХД-т хөл хороны нөхцөл байдал ямар байгаа талаар тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга н.Батхүү “Өнөө өглөөний 06:00 цагаас эхлэн 43 чиглэлд 129 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнээс гадна дүүргийн мэргэжлийн хяналт, дотоод хэргийн их сургуулийн оюутнууд нэмэгдэж, үүрэг гүйцэтгэж байна.
Өнөөдрийн хувьд иргэд хорио цээрийн дэглэмийн шаардлагыг сайн биелүүлж байна. Энгийн өдрүүдэд СХД-ийн Ханын материал орчмоор хөл хөдөлгөөн их байдаг.
Хувиараа хүн тээвэрлэдэг иргэд дуудлагаар согтууруулах ундаа худалдаалах зөрчлүүд гарч байна. Эдгээр хүний хууль бус үйлдлийг таслан зогсоосон. Архидан согтуурах, гэр бүлийн хүчирхийллийн зөрчил цөөхөн боловч гарч байна” гэв.
Харин НМХГ-ын ахлах мэргэжилтэн Д.Дариймаа “Нийслэлийн мэргэжлийн хяналтын бүх бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын 308 ажилтан цагдаа нартай хамтран бүх дүүрэгт эргүүл хамгаалалтад ажиллаж байгаа.
Мөн тусгаарлалтын байрууд, ТИР машины чиглэлээр болон УОК, НМХГ дээрх Шуурхай штабт хуваарилагдан үүрэг гүйцэтгэж байна.
Өчигдөр 40 гаруй ТИР машин ирсэн. 310 тонн бараа бүтээгдэхүүнийг шалгаж байгаа. Архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 3,617 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн.
- Үйл ажиллагааг түр зогсоосон бүх шатны боловсролын байгууллага, дэн буудал, амралт, жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, урлаг, соёл, спорт, шашин, сүм хийдийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийх
- Согтууруулах ундаа түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр, бөөний төв, минимаркет, хайпермаркет, супермаркет зэрэг аж ахуйн нэгж байгууллагад цагийн хязгаарлалт, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна.
Шалгалтаар БЗД-ийн 13 дугаар хороо Санрайс /Sunrise/ зочид буудалд хамтарсан шалгалт хийхэд 2 иргэнд Соёрхол нэрийн 3 шил архи /задалсан/, Сэнгүр нэршлийн 4 лааз пиво худалдан борлуулж байсныг хураан авч, буудлын үйл ажиллагааг зогсоолоо.
Мөн БЗД-ийн 18 дугаар хороонд байрлах Их цагаан даваа ХХК-ийн Цэнгүүн зочид буудалд хяналт шалгалт хийхэд 1 өрөөнд 4 иргэн архидан согтуурч байсныг журамлан буудлын үйл ажиллагааг зогсоосон” гэлээ.