Өнөөдөр дахин 2 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

оруулсан Алсын Хараа
Тээврийн жолоочийн хүү болон тусгай нислэгээр ирсэн зорчигчоос халдвар илэрчээ

 

Өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш коронавирусний хоёр шинэ тохиолдол лаборатрорийн шинжилгээгээр батлагджээ.

2020.11.13-ны 17.00 цагийн мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан, тээврийн жолоочийн 4 настай хүүхдийн хоёр дахь шинжилгээнд коронавирус илэрчээ.

Мөн 10 дугаар сарын 24-нд Франкфурт-Улаанбаатарын тусгай онгоцоор ирсэн иргэний давтан шинжилгээ халдвартай гарчээ.

Ингэснээр Монгол Улсад коронавирусний халдварын 414 тохиолдол бүртгэгдэж байна.

хэвлэлийн хуралд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү оролцож мэдээлэл өглөө.


Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу замын хөдөлгөөний хязгаарлалт хийснээс олон нийтийн сүлжээгээр үл ойлголцол гарсантай холбогдуулан залруулга хийж буйгаа тодотгосон юм.

Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу үүрэг гүйцэтгэж байна. Цагдаагийн байгууллагаас иргэдэд автобусаар, хувийн машинаар, эсхүл явган яв гэсэн шаардлага тавиагүй. Хэрвээ ийм алдаа дутагдал гаргасан бол хүлцэл өчье. Урьд шөнө замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр оройтож гарсан. Энэ мэдээллийг авч амжаагүй иргэд хувийн тээврийн хэрэгсэлтэйгээ замын хөдөлгөөнд оролцож нэлээд хүндрэл учрууллаа.

 УОК шийдвэр, Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу 13 чиглэлийн байгууллагын ажилтнууд ажил эхлэх, тарах цагаар хувийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцоно. Дээрх зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтнууд иргэний болон ажлын газрын үнэмлэхээ биедээ авч явах шаардлагатай. Маргаашаас тухайн 13 чиглэлийн байгууллагын харьяа иргэд томилгоот ажил үүргийн тушаалтай явахад асуудал үүсэхгүй" хэмээв.

Бүх хүнсний зах, худалдааны төв хэвийн ажиллаж байна. Иргэд гэрийнхээ ойролцоох газруудаас хүнсээ цуглуулах хувийн зохион байгуулалттай байхыг тэрбээр хэвлэлийн хурлын үеэр уриалсан юм.

Сэтгэгдэл бичих