БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэв

оруулсан Алсын Хараа

Монгол Улсаас өнөөдөр /2020.11.13/ БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдлээ. Гэхдээ энэ удаагийн нислэгээр иргэдээ татан авахгүй, эмнэлгийн тоног төхөөрөмж, бусад импортын техник төхөөрөмж хүлээн авах аж.

УОК-ын шийдвэрээр өнөөдрийн байдлаар Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн тусгай үүргийн нислэгээс бусад бүх нислэгийг цуцалж хойшлуулаад байгаа юм. Тодруулбал, энэ сард тусгай үүргийн 10 нислэг үйлдэхээр төлөвлөөд байсан ч одоогийн байдлаар 4 нислэг хийгээд байна.

Одоогоор манай улсаас 106 удаагийн тусгай үүргийн нислэгээр 20 582 иргэнийг эх орондоо татан аваад байна. Мөн ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудаар 6599 хүнийг зохион байгуулалттай татан авч, нийт дүнгээр одоогийн байдлаар 27 181 иргэнийг Монгол Улс татан авсан.

Энэ 11 дүгээр сарын байдлаар 4 удаагийн нислэг үйлдэж 602 иргэнийг татан авснаас нийт ирсэн иргэдийг дотор нь ангилбал:

  • бага насны хүүхэдтэй 46,
  • 24 хүн эрүүл мэндийн шалтгаантай,
  • 20 өндөр настан,
  • 512 иргэн бусад шалтгаанаар ирээд байна.

Бусад шалтгаантай гэсэн иргэдийн тоо сүүлийн нислэгүүдэд нэмэгдэж, энэ сард татан авсан иргэдийн 85 хувийг эзэлж буй талаар ОБЕГ-аас мэдээлж байна.

Сэтгэгдэл бичих