УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2020 оны эхний хагас жилд 9.7 хувиар агшаад байна. Цар тахлын тархалт сүүлийн саруудад эрчимтэй нэмэгдсэнээс үүдэн цар тахлын хоёр дахь давлагаа эхэлснийг олон улсын байгууллагууд анхааруулж байна. Иймд Монгол Улсын Засгийн газраас 2020 онд хэрэгжүүлсэн эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих бодлогын зарим арга хэмжээнүүдийг 2021 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Энэ хүрээнд хуулийн төсөлд нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2021 онд 3 тэрбум 540.7 тэрбум төгрөг, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 8.4 гэж, Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ 2021 онд 1 их наяд 363.8 тэрбум төгрөг, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 3.2 байхаар өөрчилжээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд нүүрсний экспорт тасалдах эсэх, цар тахалтай холбогдуулан төсвийн тодотгол хийх эсэхийг тодруулж байлаа. Нүүрсний экспорт хэвийн явж байгаа бөгөөд өчигдөр л гэхэд хилээр нүүрс ачсан 1503 автомашин гарсан гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Мөн тэрбээр, “Цар тахлын нөхцөл байдлыг ажиглаж, цаашид хэрхэн өөрчлөгдөхийг бүрэн харсны дараа төсвийн тодотгол өргөн барина. Одоогоор төсвийн тодотгол хэзээ өргөн барихыг хэлэх боломжгүй” хэмээсэн юм.
Ийнхүү хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.5 хувь дэмжлээ.
Мөн чуулганаар ирэх оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.
Ташрамд дурдахад, дотоодод коронавирусний халдвар тархсаны улмаас Засгийн газар, УОК-оос энэ сарын 17 хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоогоод буй юм. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд гишүүд байгаа газраасаа цахимаар оролцож байна.