Сэлэнгэ аймгийн хэмжээнд хатуу хөл хориог тогтоож, тэг зогсолт хийгээд байна

оруулсан Алсын Хараа

2020 оны 11 дүгээр сарын 13-ны Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын мэдээллийг хүргэж байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Баянханы” 4-р багийн иргэн, 70 настай “Ц”–гийн шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан түүний ойрын болон дам хавьтлуудыг олж тогтоох ажлыг маш эрчимтэй хийж байна. Өнөөдөр өглөөний байдлаар түүний ойрын хавьтал болох бэр, ач хүү нарт хийсэн түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ.

Аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж иргэн “Ц”-гийн гэр болон аймгийн Нэгдсэн эмнэлгийг хамгаалалтад авсан байсан одооноос эхлэн холбогдох арга хэмжээг авч хэвийн үйл ажиллагаанд нь оруулах боломжоор ханган ажиллаж байна. Иргэн Ц-гийн нэг ба хоёрдугаар дам хавьтал болон эх сурвалжийг олж тогтоох чиглэлээр Онцгой комисс мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар иргэн Ц-гийн ойрын хүрээллийн тав, эмнэлгээр үйлчлүүлэхэд харьцсан 22 нийт нэгдүгээр хавьтлын 31 хүнийг тогтоогоод байгаа аж. Одоо бид эдгээр хавьтлын харилцаа болох дам харилцааны хүрээллийг эцэслэн тогтоох, халдварын эх сурвалжийг тодорхойлох ажлыг төлөвлөн хэрэгжүүлэн ажиллаж байна. Иргэн Ц нь Улаанбаатар хотын ХӨСҮТ рүү ойрын хавьтал болох таван иргэний шинжилгээний сорьцын хамт хүргүүлсэн. ХӨСҮТ-д хүргүүлсэн дээрх шинжилгээнээс ойрын хавьтал болох хоёр иргэний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Иймээс Сэлэнгэ аймгийн хэмжээнд Сүхбаатар сумын хэмжээнд хөл хориог хатуу чангалж, тэг зогсолтыг хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Гэхдээ иргэд та бүхэн тайван байх ёстой, энэ хүмүүс худлаа хэлж, хулгай хийгээгүй. Иймээс эдгээр иргэдээ буруутгаж, зэмлэж, сэтгэл санааны дарамтад битгий оруулаарай гэж аймгийн Онцгой комиссын даргын хувьд захья. Сэтгэлийн болоод эмчилгээнд нь дэм өгөөрэй. Ингэж хамтарч ажилласнаар бид энэ аюулын ард гарч чадна. Дээрээс нь нэмж хэлэхэд хүнсний дэлгүүр, худалдааны төв, томоохон худалдааны газрууд хэвийн горимоор зааж өгсөн хугацаанд ажиллана. Иргэд шаардлагатай ч байсан гэрээсээ битгий гараарай. Энд холбогдох байгууллагууд хяналт тавин ажиллаж байгаа. Та бүхний явах маршрут бол ерөөсөө л хүнсний дэлгүүр. Үүнийг бид хумина. Тархалтыг зогсоох үүднээс маш хатуу дэглэмд ажиллана. Үүнийг та бүхэн ойлгоно гэж найдаж байна. Одоогоор ойрын хавьтал болох 31 хүнээс Сэлэнгэ аймагт шинжилгээ авсан. Эдгээрийн тавыг нь Улаанбаатар хот руу явуулсан. Урд шөнө хийсэн ойрын хавьтлын 11 хүний шинжилгээ сөрөг гарсан. Одоо үлдсэн 12 хүний шинжилгээний хариу таван цагийн дараа гарна.

Аймгийн хэмжээнд нийт 30 постод 111 цагдаагийн алба хаагч, Онцгой байдлын газраас 22 алба хаагч, сумдын Засаг даргын Тамгын газраас 38, ЭМГ, БОАЖГ-аас 27 алба хаагч, 30 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ бол тархалтыг зогсоох үүднээс төрийн алба хаагчид маань өдөр шөнөгүй ажиллаж байна. Иймээс иргэд та бүхэн эдгээр хүмүүсийн тавьсан шаардлагыг үг дуугүй биелүүлж, битгий ажилд нь саад болоорой” гэж аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил хэллээ.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 12 иргэн тусгаарлалтад байгаа аж. Энд эмнэлгийн байгууллагынхантай хамт Цагдаагийн хоёр албан хаагч хамгаалалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Мөн Онцгой комиссын даргын зүгээс бидний хамгийн нэн түрүүнд хийх ажил бол хүнсний нөөцийн судалгааг гаргах, үнийн өсөлт, барааны хомсдлыг үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна:. Бид урд шөнөжин махны үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжийн хүмүүстэй уулзаж ярилцсан. Энд үнийн өсөлт байхгүй гэдгийг тохирсон. Иймээс аль чиглэлд явж бараа бүтээгдэхүүнээ авах зөвшөөрлийг нь өгсөн. Иргэд айх, сандрах зүйл ердөө гарахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Манай аймгийн ихэнх хэрэглэгчид Дархан-Уул аймгаас бараа, хүнсний бүтээгдэхүүнээ татдаг. Энэ тал дээр Дархан-Уул аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргатай холбогдож, бараа бүтээгдэхүүн авч байгаа хүмүүсийг саадгүй нэвтрүүлж байхыг тохиролцсон. Харин эдгээр иргэд гарч орохдоо аймгийн Онцгой байдал, Онцгой комиссоос зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Ийм нөхцөлд чөлөөтэй явж болно.

Өнөөдөр буюу 11-р сарын 13-ны өдрийн өглөөний 08.00 цагийн байдлаар зургаан үхэр, 35 хонийг Сүхбаатар сумын мах нядалгааны газарт төхөөрсөн байна. Бид аж ахуйн нэгжүүдтэй холбогдож ярилцаж байгаа болохоор ямар нэгэн хүнсний, махны хомсдол гарахгүй ээ. Алтанбулаг сумын хилийн Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор орох чиглэлд 50 ачаа тээврийн машин 51 жолоочтой ирснээс монгол 12, оросын 39 жолооч байна. Харин гарах чиглэлд 21 автомашин гарсан бөгөөд одоо гарахаар 10 автомашин хоносон байна. Хилийн цэргийн 0101-р ангийн алба хаагчид 12-ны өдрийн 20.00 цагаас 17-ны өдрийг дуусталх хугацаанд захирагчийн шийдвэрээр боомтод байрлан хөл хориог хязгаарлаж, өөрсдөө тэндээ байрлаж ажиллахаар болсон байна. 

Сэтгэгдэл бичих