Увс аймгийн Онцгой комиссын шуурхай штаб өнгөрсөн шөнө /2020.11.12/ хуралдаж, хариу арга хэмжээ авах тандалт, судалгаа, шинжилгээний багийг Бөхмөрөн, Түргэн сум руу гаргасан байна.
Тодруулбал, коронавирусний халдварын шинж тэмдэг илэрсэн гэх МУБИС-ийн оюутны 1-р хавьтагч болох нэг гэр бүлийн 2 хүний ойрын хавьтлуудыг олж тогтоох, шинжилгээ авах, асуумж бөглүүлэх, тусгаарлах ажлыг явуулж байна. Уг ажлын багийн гишүүд өнөөдөр өглөө 7.00 цагийн үед Бөхмөрөн суманд очсон бөгөөд гэр бүлийн хоёр иргэнээс коронавирусний шинжилгээ авчээ. Шинжилгээний дээжийг өнөөдөртөө багтаан тусгай автомашинаар Улаанбаатар хот руу тээвэрлэх юм байна.
Ард иргэдэд хандан иргэний үүргээ ухамсарлан гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх, гарын ариун цэврийг сайтар сахихыг аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас анхааруулж байна.