Улсын их дэлгүүрийн барилгын засварын ажлыг НМХЕГ болон цагдаагийн байгууллагын хамтарсан шалгалтаар өнөөдөр зогсоолоо.
УОК-ын шийдвэрийн дагуу улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа билээ. Энэ үед хүнс цуглуулах, эрүүл мэнд, цэвэр усны хэрэгцээ хангахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг холбогдох байгууллагуудаас зөвлөж байгаа юм. Мөн эмийн сан, хүнсний дэлгүүр, хүнсний үйлдвэрлэл, шатахуун түгээх станц, нефть хангамжийн байгууллага болон хэвлэл мэдээлэл, буяны ажил эрхлэгч байгууллагын үйл ажиллагаанаас бусдыг хязгаарлах шийдвэр гаргасан.
Гэтэл хөл хорионы дэглэм тогтоосон үед Улсын их дэлгүүр барилгын засварын ажлаа үргэлжлүүлж байгаа нь УОК-оос гаргасан шийдвэрийг зөрчиж буй үйлдэл болж байна.
Энэ үеэр НМХЕГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч У.Ёндон хэлэхдээ, “Манай дэд бүтцийн хяналтын хэлтэс Баянгол дүүргийн цагдаагийн газартай хамтран тус дүүрэгт хяналт, шалгалт хийж байна. Энэхүү нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан зургаан барилгын ажлыг зогсоогоод байгаа бөгөөд бусад дүүрэгт барилгын ажил хийж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооно. Улсын их дэлгүүрийн барилгын ажил нь нийслэлийн засаг даргын захирамжид заагдаагүй ажил үйлчилгээ тул эхний ээлжинд арга хэмжээ авалгүйгээр зогсоож байна” хэмээлээ.
Харин энэ үеэр Цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай мэдээлэл өгөхдөө “Өглөөний 6 цагаас хойш гудамж талбай болон олон нийтийн газарт бэлэн байдлын зэрэгт шилжилтийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, амны хаалтаа зүүх, аль болох гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд уриалсаар байна. Амны хаалт зүүхгүй байх, хамраа ил гаргах зөрчил ажиглагдаж байна” гэлээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын 400 улсын байцаагч, цагдаа, дотоод цэрэг болон ДХИС-ийн 5000 орчим алба хаагч бэлэн байдлын зэргийн хэрэгжилтэд 24 цагаар хяналт шалгалт хийж байна.