БНХАУ-ын 33 иргэнийг өнөөдөр албадан нутаг буцаасан тухай Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлэв.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хоёр улс дипломат шугамаар хэлэлцэж, тохиролцсоны дагуу Монгол Улсын хууль, тогтоомж зөрчсөн дээрх иргэдийг Зам-Үүдийн авто замын боомтоор албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгчээ. Эдгээр иргэдийн 5 нь ял эдэлж дууссан, 3 нь визийн хугацаа хэтэрсэн, 7 нь оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтэрсэн, 6 нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, 12 нь ирсэн зорилгоосоо өөр ажил эрхэлж байсан зөрчил гаргасан байна. Тухайлбал, визийн хугацаа хэтрүүлж Монгол Улсад 15-16 жил хууль бусаар амьдарсан хоёр иргэн байсан бөгөөд хяналт, шалгалтаар илрүүлж ийнхүү албадан гаргаж байгаа юм.
Дээрх иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу 12 сая 440 мянган төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, зөрчлөөс хамааран 1-3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоожээ.
Гадаадын иргэн, харьяатын газраас Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд энэ оны эхний арван сарын байдлаар Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн 17 улсын 145 иргэнийг албадан гаргасан байна.